Монголын оюутны спортын дөрвөн жилд нэг удаа болдог “Универсиад” их наадмын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцож үг хэллээ. Тэрээр хэлэхдээ “Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн та бүхний энэ өдрийн амгаланг ирэх ялдамд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн нэрийн өмнөөс болон хувиасаа спортын 15 төрлөөр оюун ухаан, хурд хүч, эр зориг, авхаалж самбаагаа сорихоор бэлтгэлээ базааж байгаа нийт оюутан залуучууддаа өндөр амжилт хүсэн ерөөе.Монгол Улсын Ерөнхийлөгч оюутан залуучуудын сургалтын болон нийгмийн олон талт асуудлыг шийдвэрлэх чиглэлээр онцгой анхаарал тавин ажиллаж, оюутны тэтгэлэг олгох тухай хуулийг санаачлан батлуулж, авьяаслаг оюутан залуучуудыг урамшуулах, чөлөөт цагийг нь зөв зохистой өнгөрүүлэх, тэднийг өв тэгш хүмүүжилтэй болгон төлөвшүүлэхийг чухалчлан үзэж байгаа билээ.
Бид оюутны тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, “Универсиад” наадмаас төрсөн шилдэг тамирчин оюутнуудад “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг” олгон, төр засгийн өндөр дээд шагналаар шагнаж урамшуулан дэмжиж байдаг.
Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг.Энэ мэргэн үгийг санаж Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын төрөл бүрт маш идэвхтэй оролцон, шинэ шинэ дээд амжилт үзүүлж, олон олон аварга тамирчдыг төрүүлэн, багийн дүнгээрээ тэргүүн байрт шалгарахын бэлгэтэй сайхан ерөөлийг та бүхэнд дэвшүүлье” гэв.
Эх сурвалж:president.mn



















































