Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа. Тэрбээр өнөөдөр хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүмүүсийг Польш улсын төрийн дээд шагналаар шагнасны дотор хошууч Г.Аззаяаг “Гавьяаны алтан загалмай” одонгоор шагналаа.
Хошууч Г.Аззаяа “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байх үедээ террорист халдлагыг нөхдийн хамтаар таслан зогсоож, олон үндэстний эвслийн цэргийн хүчний олон зуун цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалж баатарлаг гавьяа байгуулсан юм.