БНӨСУ-д явагдаж байгаа UNMISS ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн мотобуудлагын батальон үүрэг гүйцэтгэж буй.
Өнгөрсөн 4 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн бүрэлдэхүүн Бентью суурингаас Майом суурин руу эргүүлийн үүрэг гүйцэтгэж явжээ.
Тус үеэр, Майом суурингаас хойш 35 километрт байрладаг Кайкан суурингийн зам дээр болсон зэвсэгт халдлагын улмаас тус улсын Ардын Чөлөөлөх Арми /Сөрөг хүчний (SPLA-IO)/-ийн цэргүүдээс нэг цэрэг нь амь үрэгдэж, хоёр цэрэг шархадсан байдалтай олджээ.
Тэд шархадсан цэргийн алба хаагчдад анхан шатны тусламж үзүүлж, Бентью суурингийн төв эмнэлэгт хүргэх ажиллагааг зохион байгуулж цэргүүдийн амь насыг авран хамгаалжээ.
UNMISS ажиллагааны “Юнити” секторт үерийн гамшгийн улмаас аймаг, сумдыг холбосон үндсэн хангалтын замууд усанд автан, хөдөлгөөн хаагдаж хүнсний хомсдлоос үүдэлтэй малын хулгай, дээрэм, дэлхийн хүнсний хөтөлбөрийн цуваа руу халдах зэрэг гэмт хэрэг нэмэгдэж, цагийн байдлыг тогтворгүй байгаа аж.