Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албанаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр ламхай нарын асуудлын талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж мэдээлэл өгөв.
Тэрбээр "2023 оны зургаадугаар сарын 23-нд УЕП-ын тушаалаар баталсан харьяалал тогтоох журмын дагуу Мөрдөн байцаах албаны хүүхдийн эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.4-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Мөрдөгчийн ажлын хэсэг гарсан.
Хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Цагдаагийн байгууллагаас түргэн шуурхай шалгаж, шийдвэрлэнэ. 14 хүрээгүй хүүхдийг бага насны хүүхэд гэж ойлгодог.
Хүүхдийн эрх, аюулгүй байдал, нэр хүнд, мөрдөн байцаах ажиллагааны нууцлал зэргийг харгалзан хүүхдийн эрхийг хүндэтгэх хэрэгтэй. Хүүхдээс мэдүүлэг авах гэж дуудахдаа хүртэл хууль ёсны төлөөлөгчөөр нь дамжуулдаг зохицуулалттай.
Хохирогч, холбогдогч хүүхдүүдийг камерын өмнө суулгаад асуугаад, шалгаагаад байх нь зохисгүй. Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудалд ёс зүйтэй хандах хэрэгтэйг анхаараарай" гэв.