НЗДТГ, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж буй “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023” үргэлжилж байна. Энэ үеэр Наро Банчэн гэгээнтэнтэй ярилцлаа.
-"Даншиг наадам-Хүрээ цам"-ын гол онцлог нь юу вэ?
-Даншиг бол наадам гэхээс илүү буян хураах арга зам юм. Учир нь өндөр гэгээн дээдэс бат оршоод шашин, амьтны тусыг ихээр үйлдээч гэсэн хүсэлт тавьж байгаа агуулга бий. Яагаад дээдэс болж байгаа юм бэ гэхээр хамаг амьтан жаргалтай байгаасай, бүү зовоосой, хамаг амьтныг зовлонгоос нь салгахын тухайд гэсэн бодь сэтгэлийн үүднээс оюун ухаан, сэтгэл зүйг хөгжүүлээд ганц хүүгээ хайрлаж байгаа эх хүн шиг сэтгэлээр бүгдийг энэрч, нигүүлсэх тийм агуу сэтгэлтэй болохоор тэр бодь галыг эрхэм дээдэс гэж нэрлэж байгаа юм.
Энд ирээд муу сэтгэлээ засаж, зөв сайхан сэтгэлтэй болъё гэх бодол төрж л байх юм бол энэ Даншиг наадамд ирсний хэрэг бүтлээ гэсэн үг. Буян хураах долоон арга зам байдаг. Буян хураах, нүгэл хилэнцийг арилгах. Тэр дотор “Бат оршил” өргөх нь нэг арга зам. Нийтээрээ буян хураах, эв нэгдэлтэй байх онцлогтой болж байгаа.
Мөн тухайн соёлоор дамжаад аялал жуулчлал хөгжиж байна. Ялангуяа Монгол туургатан болон гадныхан их ирсэн байна шүү дээ.
-Ер нь “Цам харайх”-ын утга учрыг өгүүлвэл?
-Цам харайж байгаа нь лам нар эхлээд бурхан, ном, хуварга гуравт аврал олуулж, бясалгал бүтээлийг нь хийдэг зан үйл. Муу сэтгэлийг засах, барцадыг дарах ч гэдэг юм уу. Гадны саадаас хамгаалах шалтгаан болж байна гэсэн үг. Гэнэтийн барцадгүй, өөрийн зүгээс хорлолгүй, зөв явдал мөрөөр явах тал дээр анхаарах хэрэгтэй гэсэн үг.
Жаргал, зовлон гэгч бидний өөрсдийн хийж буй үйлээс хамаарч байгаа болохоор хар буруу сэтгэлийг тэвчих, зөв сэтгэлийг дадуулах тал дээр суралцах нь хамгийн гол.
-Та сая муу сэтгэл, зөв сэтгэл, жаргал зовлон, буян хураах гэж их ярилаа. Үүнээс яагаад заавал буян хурааж, муу сэтгэлээ тэвчин барьж зөв сэтгэлээр амьдрах хэрэгтэй юм бэ гэх мэт асуултууд урган гарч ирж байна л даа.
-Бид уур уцаартай байх юм бол өөрийн сэтгэлийн баяр баясгалант, жаргалтай байдлыг мэдрэхгүй. Сэтгэл эрүүл бус байвал бие махбодийг ч өвчин орооно. Бусдад хийсэн хорлол ч эргэн ирж байгаа гэсэн үг. Муу сэтгэлийг тэвчих, бусдад хорлолтой үйлийг тэвчиж тустай үйл хийж, сайн санана гэдэг өөрөө ч жаргалтай, бусдад ч ээлтэй байх зөв сэтгэл юм. Жаргал зовлонг бурхан юм уу, хэн нэгэн бүтээж өгөхгүй. Өөрийн хийж байгаа үйлээс л хамаарна. Сайхан сэтгэлийн үүднээс сайн үйл хийвэл жаргал. Уур уцаараар буруу үйл хийвэл зовлон болж эргэнэ.
Энэ бол шашны номлол гэхээс илүү байгалийн хууль. Жам ёс байна гэдэг бодит байдал байна л гэсэн үг. Тиймээс жаргалыг хүсэж байвал жаргалтай байх шалтгааныг бүрдүүлэх хэрэгтэй. Тэр шалтгаан нь сайн үйл, сайхан сэтгэл.
-Муу сэтгэлийг тэвчих хэцүү биш үү?
-Түүнийг дарах олон арга зам бий.
Зовлонг үүсгэж, жаргалыг үгүй болгодог дайсан бол дотоод сэтгэлд байгаа муу муухай.
Дарах нэг арга зам бол учир шалтгаанд суурилсан зөв ухаарал. Нэг нь энэрэл нигүүлсэнгүй, нинж хайр. Аминч үзлийн эсрэг бусдад жаргал хүсэх. Энэ хоёрыг нэг шувууны хоёр далавч шиг зэрэгцүүлэн хөгжүүлж, авч явж байж энх амгалан байх боломжтой. Үүнд суралцах хэрэгтэй.
-Энэ наадмаас сэтгэлийн амар амгаланг ч олох, муу сэтгэлээс ангижрах бодлыг олох нь гэж ойлгож болох уу?
-Гол зорилго нь тийм. Зүгээр нэг, баяр гэхээс илүү цаад агуулга нь буян хураах, сайхан сэтгэлийг дадуулах, бат оршил өргөж байгаа нь сайхан сэтгэл өргөж байна гэсэн үг шүү дээ.
М.Дэвээжаргал
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (6)