Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолов.
Зуншлагын байдал 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 54 хувьд хэвийн, нутгийн 46 хувьд гантай болон гандуу байв (tsag-agaar.gov.mn). Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн: 16.1% - бэлчээрийн нөөцтэй 18.5% - бэлчээр хүрэлцээтэй 30.7% - даац 1-3 дахин хэтэрсэн 16.3% - даац 3-5 дахин хэтэрсэн 18.4% - даац олон дахин хэтэрсэн байна.
Өөрөөр хэлбэл ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 35 хувьд хүрэлцээтэй, харин 65 хувьд хэтэрч гарсан нь өмнөх жилээс 30 гаруй хувиар хэтэрч гарсан байна.
Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай аймгийн зарим сумдын нутгаар даац олон дахин хэтэрч гарсан байна.
Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан сумдад Баян-Өлгийн Ногооннуур, Улаанхус, Цэнгэл, Өлгий, Бугат, Алтанцөгц, Баяннуур, Толбо, Сагсай, Дэлүүн, Булган, Увсын Сагил, Түргэн, Бөхмөрөн, Улаангом, Тариалан, Ховд, Өмнөговь, Өлгий, Завхан, Наранбулаг, Ховдын Эрдэнэбүрэн, Ховд, Дөргөн, Чандмань, Манхан, Мөнххайрхан, Дуут, Жаргалант, Мөст, Мянгад, Буянт, Завханы Улиастай, Говь-Алтайн Хөхморьт, Тайшир, Бигэр, Төгрөг, Бугат, Цээл, Цогт, Баянхонгорын Гурванбулаг, Галуут, Баянговь, Баянлиг, Шинэжинст, Баян-Өндөр, Баацагаан, Өвөрхангайн Сант, Уянга, Гучин-Ус, Булганы Баяннуур, Сэлэнгийн Жавхлант, Дархан-Уулын Дархан, Төвийн Баянхангай, Баяндэлгэр, Эрдэнэсант, Борнуур, Сүхбаатарын Баяндэлгэр, Говьсүмбэрийн Шивээговь, Дундговийн Өлзийт, Өмнөговийн Баяндалай, Мандал-Овоо багтаж байна. Харин Баян-Өлгийн Буянт, Алтай, Увсын Хяргас, Зүүнхангай, Ховдын Цэцэг, Үенч, Завханы Сонгино, Цагаанчулуут, Идэр, Говь-Алтайн Тонхил, Баян-Уул, Шарга, Халиун, Дэлгэр, Чандмань, Эрдэнэ, Есөнбулаг, Баянхонгорын Баян-Овоо, Баянцагаан, Өвөрхангайн Есөнзүйл, Нарийнтээл, Баруунбаян-Улаан, Төгрөг, Богд, Булганы Рашаант, Дашинчилэн, Сэлэнгийн Цагааннуур, Орхон, Баянгол, Мандал, Төвийн Лүн, Баянчандмань, Заамар, Сүхбаатарын Уулбаян, Дундговийн Хулд, Гурвансайхан, Сайнцагаан, Говь-Угтаал, Өндөршил, Өмнөговийн Цогт-Овоо, Баян-Овоо, Хүрмэн, Дорноговийн Айраг, Алтанширээ, Сайхандулаан, Мандах, Сайншанд, Улаанбадрах, Хатанбулаг сумдын нутгаар 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарлаа. Мөн нутгийн 30.7 хувьд даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан.
Зуны турш гандуу болон гантай байсан бүс нутгуудад бэлчээрийн нөөц, хүрэлцээ муу, мал хангалттай тарга тэвээрэг авч чадаагүй тул эдгээр бүс нутгууд өвс, хадланг бэлчээрийн нөөц бүхий нутгаас бэлтгэж, нэмэгдэл тэжээлийг нөөцлөх, отор нүүдлийн зохион байгуулалт хийх, малаа эдийн засгийн эргэлтэд оруулж тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэн өвөлжилт хаваржилтад бэлтгэх шаардлагатай байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА, МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН СУДАЛГААНЫ ХЭЛТЭС