
Монголчууд эрт дээр үеэс хоол хүнсэндээ байгалийн өгөөж хишгийг танин мэдэж ашигласаар иржээ. Тухайлбал, зэрлэг сонгино, сармис, гогод, хөмөл, мангир, таана, мөөг зэргийг түүж хоолныхоо хольц болгож байв. Харин тарималжуулж хэрэглэсэн хүнсний ногооны талаар түүхийн сурвалжид бичигдсэн зүйл өнөөг хүртэл олдохгүй байна.
"Монголын нууц товчоо"-нд Чингис богдыг есөн настай байх жил эцэг нь татарчуудад хорлогдоод олон аймаг нь бутран салж явсан үед Өэлүн эх өнчин хүүхдүүдтэйгээ гогод, мойл, үрэл түүж, загас, жараахай шүүж амь амьдралаа тэжээж байсныг өгүүлснээс үзвэл бидний өвөг дээдэс хүнсний ургамал, ногооны ашиг тусыг мэдэж, идэж хооллодог байсныг гэрчилнэ.
ЗАГСАЛ (Зогсгол)
Хад чулуу бүхий хатуу, чулуурхаг хөрсөнд нэг тохой орчим өндөр ургана. Загсгал нь салаалан сарвайсан. бутнууд юм. Иш нь нэг ямх хүртэл бүдүүн. Навч нь жижиг, ногоон өнгөтэй. Хатсан хойноо улаан өнгөтэй болно. Говьчууд загсгалыг эрт дээр үеэс цайны ургамал болгон навч, нарийн мөчрийг нь хурааж чанаж уусаар иржээ.
УУЛЫН СОНГИНО
Уулын сонгино Алтай, Хангай, Хэнтийн ихэнх уул нуруудаар ургадаг олон наст ургамал юм. Сонгинын дээшээ нарийссан, бүдүүн хөндий ишийг нь цоор гэдэг. Ишнийх нь оройд шаравтар баг цэцэг ургана. Түүнийг зарим нутагт сорс гэж нэрлэдэг. Булцуу нь улаан өнгийн олон давхар хальстай байна. Уулын сонгиныг намар орой үрээ гөвж дууссаны дараа сахлаг үндсийг нь газар үлдээж түүх ёстой. Уулын сонгинын нэг гайхамшигтай шинж нь ааг амт сайтай, хурц үнэртэй, хөлдсөн ч чанараа алддаггүй тэсвэртэй байдаг явдал юм. Уулын зэрлэг сонгино бие тэнхрүүлэх, ханиад томуу, чийг бамын өвчнөөс урьдчилан хамгаалах олон талын ашигтай.
ТААНА
Ихээхэн хужирлаг говь ба намагт нугаас зайтай тал хөдөө, хоолой, хөндий, нуруу, дэнж, цав толгоΔ мэтийн олонхи газарт ургана. Таана ширэлдсэн үндэснээс босоо цоровлосон байх бөгөөд бүдүүнээрээ дэрсний жагсаж, салаагүй хэртэй, оройд нь цагаан ягаан цэцэг, хар үр сэлт боловсроно. Таана уураг, тос, кальци, фосфор зэрэг чухал бодис агуулна. Үндэс нь өнгөц суусан учир бороо хургүй болбоос ургаж чадахгүйн дээр ганг муу тэсвэрлэнэ. Үнэр нь сармис мэт бөгөөд таатай. Амт нь халуун бөгөөд давслаг сонин. Чанар нь их халуун. Таанын шүүс өтгөрч боловсормоги түүвэрлэн авч, иш түрүүг нь давслан аарцтай хольж нухаж хатаадаг. Үүнийг зарим нутагт сорс хийх гэнэ. Сорс нь хоолонд амт оруулдаг сайхан ногоо билээ. Таанын цэцгийг давсалж өвлийн цагт хоолонд хэрэглэж болно.
ХҮНХЭЭЛ
Хүнхээл хангайн бүсэнд илүү тархалттай. Ойт хээрийн голын нуга, хөндий, чийгтэй намагархаг газарт ургана. Хүнхээл анхилам үнэрт эфирийн тос, фитонцид агуулахаас гадна С аминдэмээр баялаг. Хүнхээлийн иш, навчийг түүж шинэхэнээр нь буюу давсалж хадгалж хоолны хольц болгон хэрэглэнэ.
ХӨМӨЛ
Хөмөл говийн бүсийн жалга, сайр, уулын хайргатай хажуу цайдам тойрмоор өргөн тархсан байна. Ургах газар, хэлбэр дүрс, цэцэг, үр нь бүгд таанатай адил. Хөмөл жижиг бутанцар маягаар ургана. Үндэс нь таананаас илүү гүн суух учир ганг илүү тэсвэрлэнэ. Халуун чанартай. Амтаараа таанатай адил боловч зөөлөн тансаг. Хөмөлийг нялх үед нь түүж шинэхнээр болон давсалж хоолонд амт оруулагч хийгээд зууш болгон хэрэглэнэ.




















































