
БНХАУ-ын Шанхай хотноо жил бүр зохион байгуулагддаг Олон Улсын Импорт, Экспортын арга хэмжээнд Ерөнхийлөгч Д.Энхбат, Дэд Ерөнхийлөгч Т.Түвшинбаяр нарын ахалсан Энержи Ресурс компанийн төлөөлөгчид оролцлоо. Уламжлал ёсоор, БНХАУ-ын Чайна Энержи групп компанийн гадаад түншүүдийн арга хэмжээнд оролцож, хоёр компанийн урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны хүрээнд ирэх жил 4.9 сая хүртэлх тонн баяжуулсан коксжих нүүрс, 1.0 сая тонн баяжуулсан сул коксжих нүүрсийг зах зээлийн үнэ ханшаар нийлүүлэхээр тохиролцож, дэд гэрээг зурж албажууллаа.

2018 оны 4-р сард Энержи Ресурс ХХК нь БНХАУ-ын Чайна Энержи нүүрс коксын компанитай нүүрсний худалдаа, тээвэр логистикийн хамтын ажиллагааны чиглэл, цар хүрээг тодорхойлж, 10 жилийн стратегийн хамтын ажиллагааны гэрээг байгуулсан билээ. Энэ хүрээнд БНХАУ-ын Ганцмод боомт дахь Чихэнг нүүрс сэлгэн ачиж буулгах, гаалийн баталгаат агуулахын талбайг 2021 онд хоёр талын хамтын хөрөнгө оруулалтаар байгуулан, ашиглалтад оруулсан. Тус байгууламж нь чингэлэг буулгах талбай, таван ширхэг нүүрсний ангартай, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан бөгөөд жилд 7.0 сая тонн нүүрс хүлээн авах хүчин чадалтайгаар ажиллаж байна.

Талууд хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн, цар хүрээгээ тэлэх боломжийг цаашид үргэлжлүүлэн судлахаар тохиролцов. Энэ жил эхлүүлсэн Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төслийн ажлыг Чайна Энержи компани амжилттай хэрэгжүүлж дуусгаснаар хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээ өргөжих нөхцөл, боломж бүрдэх юм.




















































