
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Япон Улсын Хөдөө аж ахуй, загас, ойн аж ахуйн яамны Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан дэд сайд Ватанаве Ёочитой уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд дэд сайд Ватанаве Ёочи 2025 он нь Японы Эзэн хаан болон эрхэмсэг хатан нар Монгол Улсад айлчилсан, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжсөн онцлох жил болсныг дурдав. Мөн Япон Улсын хөдөө аж ахуйн бодлого, нэвтрүүлэх үйлчилгээний талаар танилцуулж, цаашид хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хоёр улсын иж бүрэн түншлэлийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2006 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэх шаардлагатайг онцоллоо. Түүнчлэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд малын болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт, импортын үеийн хорио цээрийн нөхцөлийг харилцан тохиролцох нь чухал байгааг тэмдэглэв.
Мөн тэрбээр Монгол Улсад 2026 онд зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар бага хурал (COP17) болон “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил–2026”-ийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгч, Монгол Улс 2026–2027 онд Японд зохион байгуулагдах FoodEx Japan болон Green × Expo 2027 арга хэмжээнд оролцохоор төлөвлөж байгаагаа танилцуулсан юм.
Хоёр улсын яам хооронд 2006 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд нийт долоон удаагийн хамтарсан уулзалт зохион байгуулсан. Цаашид уг санамж бичгийг шинэчлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн барааны эргэлтийг сайжруулах, салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад идэвхтэй хамтран ажиллах талаар талууд санал нэгдлээ.





















































Сэтгэгдэл (2)