
Монгол Улс 2025 оны эхний 10 сард нийт 177 улстай худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 21.6 тэрбум ам.доллар болсон бол үүнээс экспорт 12.2 тэрбум ам.доллар, импорт 9.4 тэрбум ам.доллар болж, тэнцэл 2.9 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Экспорт 2024 оны мөн үеийнхээс нүүрс 2.9 тэрбум ам.доллар, угаасан ноолуур 256.7 сая ам.доллар, боловсруулаагүй газрын тос 55.4 сая ам.доллар, хонь, ямааны мах 14.1 сая ам.доллароор буурчээ.
Харин зэсийн хүдэр ба баяжмал 1.9 тэрбум ам.доллар, мал амьтны самнасан үс, хялгас 190.9 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 126.1 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 40.2 сая ам.доллароор нэмэгдсэн.
Импорт 2024 оны мөн үеийнхээс ачааны автомашин 168.0 сая ам.доллар, нийтийн тээврийн хэрэгсэл 51.3 сая ам.доллар, бульдозер, экскаватор зэрэг 38.7 сая ам.доллар, автобензин 26.8 сая ам.доллар, дизелийн түлш 20.3 сая ам.доллароор буурсан аж.
Нийт экспортын 93 хувийг Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл гоёлын зүйлс эзэлжээ. Харин импортын 70.9 хувь нь эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн байна.


























































