
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албанаас CU, GS25 байгууллагатай хамтран “365 АНХААРЧ ХАЙРЛАЯ” аяныг энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлүүлсэн байна. Уг аяны зорилго нь эцэг эх, гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн төлөвшил, харилцаанд өдөр бүрийн анхаарал, хайр халамжийг нэмэгдүүлэх аж. Мөн өсвөр насныхны дунд хорт зуршлын нөлөөллийг бууруулж, зөв дадал, зөв хүрээллийг төлөвшүүлэхэд орших юм байна.
Цагдаагийн байгууллагын судалгаагаар хүүхэд өртөж, хохирсон гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлан үзэхэд эцэг эхийн үүрэг хариуцлага, хараа хяналт сул гэсэн дүн гарчээ. Түүнчлэн цахим орчны зохисгүй хэрэглээ, хүүхдийн хүмүүжил төлөвшил, үе тэнгийн дээрэлхэлт зэрэг байдлаас үүдэлтэй байдаг байна. Тиймээс энэхүү аян, арга хэмжээг эхлүүлэхээр болжээ.


























































