
Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улс (БНЭУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвег урьж, бүлгийн гишүүдийн хамт уулзлаа.
Элчин сайд Атул Малхари Готсурве урьж уулзан, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг гүйцэтгэн хэрэгжүүлж буй БНЭУ-ын компанийн төлбөрийг цаг хугацаанд нь олгох, инженер, ажилтнуудад урт хугацааны виз олгох, тоног төхөөрөмж, бараа материалын гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Мөн тэрбээр БНЭУ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй Важпайн нэрэмжит Мэдээллийн технологийн сургалтын төв, ерөнхий боловсролын 1200 суудалтай Энэтхэг-Монголын Найрамдлын сургууль байгуулах төслүүд, тус улсын Засгийн газрын болон Соёлын харилцааны зөвлөлийн тэтгэлэгтэй мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, хоёр улсын хооронд өвлийн аялал жуулчлал, иргэний агаарын тээврийн шууд нислэг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Монгол Улс, БНЭУ-ын харилцаа, хамтын ажиллагаа одоо байгаагаасаа илүү өргөжин тэлэх боломж бийг талууд харилцан илэрхийлж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь үүний нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг тэмдэглэв.


























































