
БГД-ийн нэгдүгээр хороонд байрлах Төмөр замын цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг түр шилжүүлж, “Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг Улаанбаатар Төмөр зам ХНН-ийн захиалгаар “Грэйт констракшн” ХХК гүйцэтгэж байна.
Төслийн хүрээнд дээрээ ногоон байгууламж, тохижилт бүхий, газар доорх 778 автомашины зогсоолыг хувийн хэвшил нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр барьж, 2027 онд ашиглалтад хүлээлгэн өгнө.
Тус бүсэд дахин төлөвлөлт эрчимтэй явагдаж буй учир авто замын түгжрэл, зогсоол, ногоон байгууламжийн хүртээмжийн асуудал хүндрэлтэй байдаг. Төсөл хэрэгжсэнээр “Барс” худалдааны төв орчмын түгжрэл буурч, зогсоолын хүртээмж үлэмж хэмжээгээр нэмэгдэхээр байна.
Мөн, төмөр замын ногоон байгууламжийг Экологийн цагдаагийн албаны зөвшөөрөлтэйгөөр мэргэжлийн байгууллагатай хамтран түр шилжүүлэн суулгасан бөгөөд цаашид иргэд амарч, зугаалах таатай орчныг бүрдүүлсэн шинэ цогц шийдэлтэй цэцэрлэгт хүрээлэнг бий болгох юм.
Энэ талаар “Грэйт констракшн” ХХК-иас тодрууллаа. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч П.Ванчинхүү “60 жилийн түүхтэй ногоон байгууламжийг устгаж, зориулалтын бус барилга барина гэсэн ойлголт иргэдийн дунд байна. Энэ нь ташаа мэдээлэл. Ногоон байгууламжуудыг Баянгол дүүргийн хяналтад, Экологийн цагдаагийн албаны зөвшөөрөлтэйгөөр мэргэжлийн байгууллагатай хамтран түр шилжүүлэн суулгасан. Төсөл дуусах үед бүх ногоон байгууламжийг буцаан сэргээж, нэмэлт цэцэрлэгжүүлэлт хийнэ.
БГД-ийн нэгдүгээр хороо бол 10 мянга гаруй хүн амтай, Улаанбаатарын хамгийн том хороодын нэг. Хороо дахин төлөвлөлтийн бүсэд орсон учир 60 жилийн өмнө баригдсан 2–3 давхар төмөр замын шар барилгууд нураагдаж, өндөр барилгууд баригдаж байна. Ингэснээр авто замын түгжрэл, зогсоолын хүртээмж, ногоон байгууламжийн асуудал улам хүндрээд байгаа.

Манай хийсэн судалгаагаар тус хороонд нийтдээ 1550 орчим байрны гадаах зогсоол, “Барс” захын 160 орчим, төмөр замын байгууллагын 270 орчим гадна зогсоол бий. Гэвч энэ бүхэн 10 мянган оршин суугчид огт хүрэлцэхгүй хэмжээнд хүрсэн. Машинууд явган хүний зам дээр зогсож, хүүхэд, ахмад настнуудын хөдөлгөөнд хүртэл эрсдэл үүсч байна.
Тиймээс “Барс” худалдааны төв орчмын түгжрэлийг бууруулах, зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд амарч зугаалах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор уг төслийг хэрэгжүүлж байна.
Нарны гүүрний уулзвар, “Барс” захын ар талын авто зам өдөржин 2–10 км/цагийн хурдтай түгжирдэг. Гол шалтгаан нь захын ачаалал болон түгээлтийн машины дараалал. Төсөл хэрэгжсэнээр газар доорх 778 зогсоол ашиглалтад орж, иргэд машинаа шууд газар доорх зогсоолд байрлуулан, туннелээр зах руугаа орох боломжтой болно. Түгээлтийн машинууд зориулалтын зогсоол ашигласнаар түгжрэл бодитоор буурна. Мөн төмөр замаар зорчих иргэд машинаа урт хугацаагаар тавих боломж бүрдэнэ.
Энэ бол нийгмийн хариуцлагын хүрээнд хувийн хэвшлийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл гэдгийг онцолж хэлмээр байна.

Том оврын тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөний дүрмийн дагуу шөнийн 22 цагаас хойш хөдөлгөөнд оролцох боломжтой тул барилгын ихэнх ажил шөнөдөө хийгдэж байна.
Төсөл хэрэгжиж буй газар үндсэн барилга барихгүй. Харин Нийслэлийн авто тээврийн газрын шаардлагын дагуу автобусны эцсийн буудлыг төлөвлөсөн. Үүнд ариун цэврийн өрөө, жолооч нарын амрах байр, диспетчерийн байр зэрэг жижиг үйлчилгээний байгууламж баригдана.
Төсөл бүрэн дуусахад тоглоомын талбай, гүйлтийн зам, ахмадуудад зориулсан амрах сандал, ногоон байгууламж бүхий цогц орчин бүрдэнэ. Иймээс иргэд тэвчээртэй байж, хотын түгжрэлийг бууруулах, орчныг сайжруулах энэхүү төсөлд дэмжлэгтэй хандахыг хүсье” гэлээ.






















































