
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨХ ОРОН НУТГИЙН ЗАСАГЛАЛ” сэдэвт орон нутгийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт нийслэл болон 21 аймгийн удирдлага, тэр дундаа нийгмийн бодлого, гэр бүл, хүүхэд хөгжил хариуцсан мэргэжилтнүүд болон холбогдох яамд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллага, хүүхэд залуучуудын төлөөлөл, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож байна.
Хэлэлцүүлгийн үеэр НҮБ-ын Хүүхдийн Сангаас 21 аймагт хийсэн хүүхдийн нөхцөл байдал, нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийн талаарх чиг хандлага, үнэлгээний үр дүнгээс танилцууллаа. Энэхүү үнэлгээний гол зорилго нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг орон нутагт үнэлэх, цаашид цуглуулсан тоон болон чанарын мэдээлэл дээр тулгуурлан аймаг тус бүрээр хэрэгжүүлж болохуйц бизнес төлөвлөгөөг гаргаж ирэхэд оршино.

Мөн 2024-2025 онд хүүхэдтэй холбоотой хийсэн хамгийн сүүлийн үеийн судалгаануудын үр дүнгээс танилцууллаа. Тухайлбал, “Онцгой байдлын үеийн боловсролын салбарын бэлэн байдал” судалгааны үр дүнгээр зуд зэрэг онцгой байдлын үеийн төлөвлөгөө боловсролын салбарт шарадлагтаай, жил бүрийн өвөлжилтийн хүндрэл, зудын нөхцөл байдлаас болж хүүхдүүд сургууль засвардах, хичээлийн хоцрогдолд орох эрсдэлд орж байгааг онцоллоо.


Түүнчлэн Хөвсгөл (Хүүхдэд ээлтэй орон нутгийн төлөвлөлт), Төв (Багийн бага сургууль), Баянхонгор (Хүүхэд хамгааллын үйлчилгээний илрүүлэг, хариу арга хэмжээг сайжруулах нь), Говь-Алтай (Орон нутаг дахь умайн хүзүүний хорт хавдрын эсрэг дархлаажуулалт), Дорнод (“Хүн болох багаасаа” хичээлээс гадуурх үйл ажиллагаа) аймгууд хүүхдийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын сайн туршлага, шинэлэг санаачилгуудаас хуваалцлаа.
Хэлэлцүүлгээр төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын оролцоотой бодлогын уялдаа болон хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах хэлэлцүүлгийг өрнүүлж байна. Мөн хүүхдийн төлөө ил тод, хариуцлагатай, үр дүнд суурилсан үйлчилгээ үзүүлэх хамтын үүрэг хариуцлагыг илтгэж, Засаг дарга нарын “Амлалт”-ыг албан ёсоор баталгаажуулах арга хэмжээ болно.

Тус арга хэмжээ 11-р сарын 20 буюу Дэлхийн хүүхдийн өдөр болж байгаагаараа онцлог. Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсан энэ өдрийг дэлхийн 190 гаруй улс оронд тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд хүүхдийг сонсох, хүүхдийн эрхийн төлөө үүрэг амлалт өгөх өдөр байдаг. Энэ жил “Миний өдөр. Миний эрх” уриатай тэмдэглэж байна.
























































