
Монгол орны дунд болон томоохон голуудын мөсний зузаан эрчимтэй нэмэгдсэн бол жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн байна. Цаашид гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй зузаарах хэдий ч нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Тодруулбал Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Бүгсий, Шишхэд зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-25 см нэмэгдэж 35-110 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна.






















































