
-Монголын ахмадын байгууллагын 95 жилийн ойд-
Монгол Улсад ахмадын байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой энэ онд тохиож байна. Тус байгууллагын эгнээнд багтаж, нэгэн үеийн түүхийг нь бичилцэж, хамтран зүтгэж явсан хүний хувьд ойг тохиолдуулан түүхэн замналынх нь талаар өөрийн мэдэх хийгээд бусдын өгүүлсэн, түүхийн хуудсанд үлдсэн эх сурвалжаас хэсэгхэнийг ч болов уншигч олонтойгоо хуваалцъя гэж бодлоо.
Хүннү Сүннүгийн үеэс эхлээд Их Монголын Эзэнт гүрнийг цогцлоосон Эзэн богд Чингис хааны цаг үе, тусгаар тогтнолоо анх удаа дэлхийн чихнээ зарлан тунхагласан Богд хаант Монгол Улсын засаг захиргаа, Ардын хувьсгал хийж, шинэ маягийн нийгэм журмыг тогтоосон Ардын засгийн он жилүүдээр улбаалан өнөөгийн ардчилсан төрийг хүртэлх Монголын бүх цаг үеийн нийгэм, төр, засаг ахмад үедээ чин хүндэтгэлтэй хандсаар ирсэн билээ.
Богд Чингисийн үед Эзэн хаанд зөвлөх үүрэгтэй Сэцдийн зөвлөл байгуулж, аливаа мэдэхгүй, чадахгүй, ээдрээтэй асуудлыг “Мэргэдээс асууж бай” хэмээсэн сургаал нь төрийн зарлигийн түвшинд хүрч, өндөр настай ухаант мэргэд, сэцэн билигтнүүд, гавьяат үйлстэн, буурал дээдсийг өндөр сууринд залан суулгаж, хишиг буян хүртээдэг байсан түүхтэй.
Богд хаант Засгийн үед өндөр дээд настай ахмадуудад Богдын сангаас мөнгөн янчаан, торго хивнэг зэрэг бэлэг сэлт өгдөг байжээ.
Ардын хувьсгал хийж, ардын засаглал тогтоосон эхний он жилүүдэд Ардын хувьсгалын үйл хэрэгт биеэр оролцсон партизануудыг төрөөс анхааран халамжлах, тэднийг нэгтгэсэн албан ёсны байгууллага бий болгох шаардлага гарсан байна.

Энэ ажлыг Ардын хувьсгалын партизан, Цэргийн яамны тэргүүн сайд, Бүх цэргийн жанжин, маршал Г.Дэмид санаачлан, хувьсгалын “улаан” партизан нарыг асран хамгаалах, бүртгэн баталгаажуулах, байгууллагын дүрмийг боловсруулах ажлыг гардан хийж, Улсын Бага Хурал, Засгийн газрын Тэргүүлэгчдийн 1931 оны долоодугаар сарын 4-ний өдрийн 18-р хамтарсан хурлаар Партизаны комиссыг байгуулсан нь Монголын ахмадын байгууллагын үндэс суурь болжээ.
Партизаны комиссын дүрэмд хувьсгалын улаан партизан нарыг худалдаа, эмнэлэг, нийтийн тээврийн үйлчилгээ зэрэгт дараалал харгалзахгүй, үнэгүй үйлчилж байх, албан татвараас хэсэгчлэн буюу бүрэн чөлөөлөх, зохих тэтгэмж тусламж үзүүлж байх, тухайлбал жилд 600-1200 төгрөгийн тэтгэмж олгох, гэр, эсгий, түлш зэргийг үнэ төлбөргүй олгох зэрэг олон асуудлыг тусгасан байдаг.
Г.Дэмидийн дараа Комиссын даргаар Х.Чойбалсан 3 жил хэртэй ажилласан бол партизан Дооровын Дашзэгвэ 1941-1946 он хүртэл ажиллаж, 1946 оноос уг комиссыг Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн дэргэдэх байнгын ажиллагаатай байгууллага болгож, даргын үүргийг Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга С.Янжмаа, Г.Бумцэнд нар хавсран гүйцэтгэж байжээ. 1962 оноос партизан Пунцагийн Тогтох ажилласан. Партизаны комисс нь манай улсын нийгмийн халамж, даатгал, төрөөс ахмад үеийнхэнд тавих анхаарал халамжийн бодлогын үндэс суурь болсон гэж үзэх үндэстэй.
1980-аад он хүртэл партизаны холбогдолтой бүх асуудлыг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар шийдвэрлэдэг байжээ. Тухайлбал, 1977 оны нэгэн зарлигт Ардын хувьсгалд оролцож явсан партизанууд цөөрч, мэдэх хүмүүс ховордсон тул партизаны асуудлыг гурав хүртэл хүний тодорхойлолт, архивын баримтанд үндэслэн шийдвэрлэж байхаар болгосон. Комиссоос жил бүр партизануудад амьдрал ахуйн байдлыг нь харгалзан 600-1200 хүртэл төгрөгийн тэтгэмж олгож байсан нь зарим жил 200.000 төгрөгт хүрч байв.

Залуу үеийг ахмадуудын хөдөлмөрч, дайчин уламжлалаар хүмүүжүүлэх, эх орноо хамгаалах дайн тулаанд оролцсон дайчдыг алдаршуулах, энх цагийн бүтээн байгуулалтад онцгой хувь нэмэр оруулсан ахмадуудын үлгэр жишээгээр хойч үеэ сургах, тэдний арга туршлагыг өвлүүлэх асуудал хүчтэй тавигдсан тул Партизаны комиссын үйл ажиллагааны агуулга, хүрээг өргөтгөх шаардлагын улмаас 1968 онд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 93-р тогтоолоор Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хороог байгуулахаар болсон юм.
Улмаар МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 1969 оны 13-р тогтоолоор Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хороог байгуулан, дүрмийг баталж, даргаар нь генерал Ж.Цэнд-Аюуш, орлогчоор нь С.Чойжамц, С.Равдан нарыг баталжээ.
Уг тогтоолоор аймаг, хотын Намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны дэргэд Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний зөвлөлийг байгуулан ажилуулах болсон. Улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан Ардын хувьсгалын партизан, хувьсгалын ололтыг хамгаалан бэхжүүлэх хэрэгт биеэр оролцож гарамгай гавьяа байгуулсан зэвсэгт хүчний дайчид, нам, төр, олон нийтийн байгууллагын тэргүүний ажилтан, улс орноо хөгжүүлэхэд онцгой амжилт гаргасан хөдөлмөрийн сайчуудыг тус хороонд хамруулж байлаа.
“Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн” гэдэг нэр томьёог Ю.Цэдэнбал дарга өөрөө санаачлан, төсвийг Сангийн яамаар биечлэн батлуулж, “ногоон гэрлээр” шийдвэрлэсэн байдаг. Баримтаас үзэхэд цалинг дарга 1300-1500, хэлтсийн дарга 900-1000, референт 800-850 гэсэн үечлэлээр төлөвлөснийг улаан харандаагаар эхний тоонуудыг дараад, сүүлчийнх нь тоогоор цалинжуулсан байдаг.
Ж.Цэнд-Аюуш гуайн дараа АИХ-ын Тэргүүлэгчдийн нэгдүгээр орлогч дарга С.Лувсан гуай тус байгууллагыг удирдаж байсан юм. 1978 оноос армийн генерал Б.Дорж гуай даргаар нь томилогдож, генерал Ш.Цэрэнсамба орлогчоор нь ажиллах болсон. Харин Партизан, ахмад зүтгэлтний хэлтсийг Д.Гомбосүрэн, Суртал, мэдээллийн хэлтсийг Ж.Гомбосүрэн удирдахаар болж, ажилтнаар эрдэмтэн С.Уртнасан, нэрт сэтгүүлч С.Чулуунцэрэн, нөгөө хэлтэст нь Н.Лхам, миний бие, бичиг хэрэг-нарийн бичгийн даргаар н.Цэрэнпил, С.Должин, Б.Сийнүүз, Г.Цэцэгмаа нар ажиллаж байв.
1983 оноос генерал Ж.Жамьян ахмадын байгууллагын даргаар томилогдсон билээ. Энэ үед Ардын хувьсгалын партизан 70 орчим, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн 300 орчим хүн байлаа. Мөн гадаад харилцаа үлэмжхэн хөгжиж тухайн үеийн социалист орнуудын дайнд оролцогсдын байгууллагын төлөөлөгчдийг бишгүй хүлээн авдаг байв.
Партизаны ахуй амьдралын асуудлыг шийдвэрлэх, дэмжиж туслах, тэднийг сурталчлах, ном товхимол гаргах, хэвлэл мэдээллээр сурталчлах, нэр алдрыг тодруулах, ахмад зүтгэлтэн болгох, партизанд хамааруулах асар их бичиг цаасны ажил өрнөж, бүх асуудлыг Төв хорооны нарийн бичгийн дарга нар, сүүлдээ Намын хянан шалгах хороогоор орж шийдвэрлэдэг байв. Намайг ажиллаж байх үед Партизан, ахмад зүтгэлтний тусгай дэлгүүр, нэг, хоёр, гуравдугаар эмнэлэгт тусгай тасаг ажиллаж, дүүргүүдэд ахмадын эмч геронтологийн асуудлыг хариуцаж, Дамбадаржаад ахмадын эмнэлэг байгуулсан юмдаг. Сонгино, Тарни амралтуудад ахмадуудыг дараалал харгалзахгүй амруулдаг байв.
Ардын Их Хурлын харьяа байсан учир бүх асуудал “нэгдүгээр хүнтэй”, сайд, дарга нартай холбогдоно. Ордонд чөлөөтэй нэвтэрч, ахмадын бүх асуудлаа шийдвэрлүүлнэ. Ю.Цэдэнбал дарга байнга анхааралдаа байлгах тул “Цэдэнбалын хороо” гэж яригддаг байлаа.
Миний бие тус байгууллагад 21 жил ажилласан билээ. Тухайн үед хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтнүүдийн тоо 600 орчим байв.
1980-аад олны сүүлч гэхэд ахмад хүмүүсийг ялгаатай үзэж байна гэх шүүмжлэлийн хүрээнд нэгдсэн том байгууллага бий болгох санал, гомдол дээд байгууллагуудад ирэх болжээ. Тиймээс 1988 оны зун МАХН-ын Төв Хорооны 58-р тогтоол гарч, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний байгууллагыг өргөтгөн шинэчлэх ажлыг Намын Төв Хорооны Захиргааны байгууллагын хэлтсийн дарга, дэслэгч генерал Л.Моломжамц, Төв хорооны нарийн бичгийн дарга Ц.Намсрай нар удирдан тогтоолыг, Монголын ахмадын холбооны дүрмийг генерал С.Ванчиндорж, миний бие, илтгэлийг Б.Даш-Ёндон нар хийж гүйцэтгэн, зохион байгуулах бага хурлыг орлогч дарга С.Удвал удирдан явуулж, дүрэм хөтөлбөрөө баталсан юм.
Хорооны даргаар дэслэгч генерал Ө.Чойжилсүрэн, орлогч даргаар Ш.Пагва нар ажиллах болж, газар, хэлтэсгүйгээр ажилтнууд нь асуудлаа шууд хариуцан ажиллах болсон юм. Үүний хамт Дайнд оролцогсдын Монголын хороог нэгэн адил зохион байгуулж, даргаар нь Ж.Шархүү сонгогдсон юм. Тухайн үед 16 мянган ахмад дайчид бүртгэлтэй байв.
Монголын ахмадын холбоо нь ийнхүү бие даасан төрийн бус байгууллага болж, аймаг, хотуудад Ахмадын хороо, бусад нэгжийн дэргэд Ахмадын зөвлөлүүд ажиллах болсноор бүх ахмадууд харьяалагдах газартай болсон юм. Харин санхүүжилтийн асуудал хүндхэн байлаа. 1990 он хүртэл Б.Лувсанцэрэн даргатай МҮЭ-ийн Төв зөвлөл санхүүжилтийг хариуцаж, 1990 онтой золгосон юм.
Энэ үед Ахмадын холбооны дарга нь С.Цэвээн байлаа. Шинэ дарга маань зах зээлийн сэтгэлгээтэй хүн байсан учир ахмадын олон хоршоодыг нэгтгэн тэндээс бага зэрэг мөнгө олсон. Төр, засаг ч дэмжсэн байх, 1991 онд Ерөнхийлөгчийн 115-р зарлиг гарснаар орон нутгийн Ахмадын хороо, зөвлөлийг тухайн байгууллагууд нь санхүүжүүлж, бас ч амсхийсэн билээ. Тухайн үед ахмадууд өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй, тэтгэвэр тэтгэмжийн асуудал нь тодорхойгүй, амьжиргаа нь хүндхэн байлаа.

Төдөлгүй манай байгууллагын даргаар эдийн засгийн сэтгэлгээтэй Ж.Цэндсүрэн ирж, олон жил ажилласан. Түүний үед нийгмийн даатгалын болон халамжийн, ахмадын, хөдөлмөрийн ба гэр бүлийн 10 шахам хуулийн төслийг боловсруулах ажлууд ид өрнөж, тухайн үеийн Нийгмийн хангамжийн газрын дарга Дагвадорж, орлогч Жамьян, хэлтсийн дарга Сүхбаатар нар дээр төвлөрч, дээрх хуулиудад ахмадын ажил, амьдралтай холбогдсон асуудлуудыг тусгасан юм.
Нийгмийн даатгалын хуулийг Ц.Сүхбаатар (одоогийн МАхХ-ны ерөнхийлөгч) голлон чиглүүлж, Д.Лүндээжанцан, НАХЯ-ны хуульч Дорж болон Ахмадын холбооноос миний бие, Ц.Товуусүрэн (УИХ-ын гишүүн) нар оролцон боловсруулж, батлуулсан болно. Одоо ч ноён нуруу нь төдий л эвдрээгүй мөрдөгдөж байна.
Дараа нь Ахмадын хуулийг боловсруулах ажилд орж хэд хэдэн хувилбараар хийж, дээр дурдсан 115-р зарлигийг хуулийн хэлбэрт оруулан, тус яамны ажилтан Дагвадорж, мөн Ц.Сүхбаатар, Ж.Цэндсүрэн нарын хичээл зүтгэл, хөөцөлдлөгөөр батлагдсан юм.
Ийнхүү ахмадууд бүхий л талаасаа эрх зүйн баталгаатай болж байсан үеийг эргэн дурсахад таатай байна.
Ахмадын байгууллагын ахмад ажилтан Д.Дэмбэрэл



















































