

Охиныг эмнэлэгт хэвтэж байхад арван мянган гаруй иргэн нийслэл Дели хотод жагсч, төр засгийг хүчингийн эсрэг дорвитой арга хэмжээ авахыг шаардан хашгирч байлаа. Жагсаалын маргааш өдөр нь тус хотын цагдаагийн дарга мэдэгдэл хийх үеэрээ “Эмэгтэйчүүд хүчиндүүлэхгүй байхын тулд оройн цагаар гадуур явахгүй, анхаарал татахуйц хувцас өмсөхгүй явах хэрэгтэй. Мөн халдагч этгээдийн нүд рүү цацах улаан чинжүү авч яваарай” гэж хэлсэн нь олон нийтийн дургүйцлийг улам хүргэж, жагсагчид эмх замбараагүй байдал үүсгэн цагдаа нартай мөргөлдсөн юм.
Харин өнгөрсөн баасан гарагт 23 настай хохирогч охин нас барснаар жагсагчид тэмцэгчид болж хувирсан юм. Тэд хүчингийн эсрэг арга хэмжээг хууль эрх зүйн түвшинд, соёлын хэм хэмжээнд ярихыг шаардаж байгаа юм.

Бухимдсан олон шүүх хурал эхлэхээс өмнө сэжигтнүүдийг өмгөөлөх хоёр хуульч руу дайрснаар нэлээдгүй хугацаа авсан байна. Шүүхийн гадаа цугласан хүмүүс “Та нар яагаад харгис этгээдийг өмгөөлөх гэж байгаа юм бэ” хэмээн хашгирч байжээ.
Шүүх хурлыг хаалттай зохион байгуулсан тул сэтгүүлчид шууд сурвалжлах боломжгүй байсан байна.
Тихарын шоронгоос хэрэгт татагдсан таван залууг цагдаагийн машинаар авчирч, нүүрийг нь далдлан Өмнөд Делийн шүүхийн танхимд оруулжээ.
Таван сэжигтний хоёр нь буюу Винай Шарма, Паван Гупта нар хам хэрэгтнүүд хэмээн нэрлэгдэж буй үлдсэн гурван “нөхөр” болох Мукеш Кумар, Рам Сингх, Акшай Такура нарын эсрэг мэдүүлэг өгчээ. Хоёр хэрэгтэн "Энэ гурав бид нарыг охиныг хүчиндэхийг шаардсан. Хэрвээ үүнийг хийхгүй бол чи амьда явахгүй шүү хэмээн дарамталсан" гэж мэдүүлжээ. Таван залуу өмнө нь хэргээ хүлээхээс татгалзсан болохоос бие биеэ буруутгаагүй байсан юм. Тиймээс шүүх хурлыг баримт цуглуулах шалтгаанаар хоёр хоногийн дараа дахин явуулахаар болжээ.
Дараагийн шүүх хурал нэгдүгээр сарын аравны өдөр болох аж. Энэ хурлаар хэрэгтнүүдийн буруутайг бүрэн дүүрэн нотолж, яллана гэсэн хүлээлт олон нийтийн дунд үлдсэн байна.
Зургаан сэжигтний нэг нь насанд хүрээгүй тул шүүх хурлыг тусад нь хийх юм. Цагдаа нар хүүг насанд хүрээгүй гэсэн нэрийдлээр дээд тал нь гурван жилийн ял авах боломжтойд ард түмэн бухимдаж байгаа хэмээн мэдээлсэн байна.

Цагдаагийнхны мэдээлснээр гэмт хэрэгтнүүд хохирогчдыг төмөр саваагар зодож, эмэгтэйг нэг цагийн турш хүчиндэж, дараа нь явж байгаа автобус дотроос зам дээр шидсэн байжээ.
Олон мянган хүн жагссанаар Энэтхэгийн Засгийн газар хүчингийн эсрэг хуулиа дахин хэлэлцэх тусгай комисс байгуулж, хотын аюулгүй байдалд анхаарч эхэлсэн байна. Автобусны жолооч нарыг нарийн бүртгэж, машины цонхоо хөшгөөр хаахыг хориглосон байна. Мөн эмэгтэйчүүдийг сонсч яаралтай тусламж хүргэх сүлжээ утаснуудыг хот даяар суурилуулжээ. Олон улсад аймшигт хэргийн тухай мэдээлэл цацагдсанаар тус улсын жуулчдын тоо эрс буурна хэмээн ажиглагчид дүгнэсэн юм.
Хэрвээ эдгээр залуус гэм буруутай нь тогтоогдвол цаазаар авах ял онооно хэмээн холбогдох байгууллага мэдээлсэн байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (24)