Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас хамтран Монгол Улсад худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийн мэргэшил, чадавхийг бэхжүүлэх хоёр жилийн хугацаатай хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т 2012 оны 10 дугаар сард Улсын Дээд шүүх, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага гарын үсэг зурсан аж. Дээрх хөтөлбөрийн эхний үйл ажиллагаа болох “Худалдааны эрх зүйн шүүгч-багш” бэлтгэх сургалт 2013 оны 1 дүгээр 28-наас 2 дугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Сургалтыг Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын мэргэжилтэн, хатагтай Катерин Перригоа удирдан явуулж, багшлах арга зүйн талаар хичээл заах юм. Сургалтад Улсын Дээд шүүх, Нийслэлийн шүүх, захиргааны хэргийн шүүх болон зарим аймгийн шүүхийн нийт 27 шүүгч-багш хамрагдаж байна. Эдгээр шүүгч-багш нар энэ онд сүүлийн 10 жилд шийдвэрлэгдсэн иргэн, захиргааны хэргийн шийдвэрүүд, олон улсын туршлага зэрэг дээр үндэслэн уул уурхайн салбарын маргаан, хувь нийлүүлэгчийн эрх, оюуны өмч, татварын маргаан, олон улсын гэрээний эрх зүй гэсэн 5 сэдвээр гарын авлага боловсруулж, иргэн, захиргааны хэргийн 200 орчим шүүгчдэд сургалт явуулах юм.
Монгол Улсад худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийн мэргэшил, чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр нь зээл олгогч, хувьцаа эзэмшигчдийн эрх, шударга өрсөлдөөн, дампуурал, оюуны өмч, даатгал, татвар, уул уурхай зэрэг салбартай холбоотой асуудлуудаас гадна олон улсын гэрээ хэлэлцээр зэрэг өргөн хүрээний асуудлыг хамрах тул зөвхөн иргэний төдийгүй захиргааны хэргийн шүүхийн шүүгчид хамрагдаж байгаа ажээ.
Энэхүү төсөл нь манай шүүгчдэд худалдаа, бизнесийн эрх зүйтэй холбоотой хэрэг маргааныг илүү чанартай, мэргэшсэн түвшинд шийдвэрлэх чадвар, арга барилыг эзэмшүүлэх зорилготой ажээ. Ийм чадварыг эзэмшсэнээр манай шүүгчид эдийн засаг, худалдааны эрх зүйн чиглэлийн хэргүүдийг илүү оновчтой шийдвэрлэх ач холбогдолтой юм.
Б.Чимэг




















































