Нохой устгал хийж явсан анчин нохой буудах биш айлын гэрийн цонх руу буудсан хэрэг Дархан суманд гарчээ. Тодруулбал, тус сумын Өргөө багийн 21 дүгээр хороололд нэгдүгээр давхарын айлын цонхыг нэвт буудсанаар бууны сум гэрт нь туссан байна. Цонх хагалан орж ирсэн калибрын сум хананд ойж, газарт унасан аж. Тухайн үед тус айлд бага насны хүүхэд болон гэрийн эзэд бүгд байсан боловч азаар бууны сум орсон өрөө хүнгүй байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, НААҮГ-тай гэрээ байгуулан нохой устгах ажилд гурван анчин гараад байгаа юм байна. Харин тухайн үед хоёр анчин дундаа нэг буутай ямар ч буу эзэмших эрхийн бичиггүй явж байсан аж.
Харин иргэд анчид ажилдаа хариуцлагагүй хандсанд Засаг дарга С.Насанбат нар буруутай хэмээн үзэж байгаа юм байна. Учир нь түүнийг НААҮГ-ын дарга Н.Дорждэрэмийг хууль дүрэм зөрчин, хэл ам дагуулан томилгоо хийсэн хэмээн үзжээ. Тиймээс албан тушаалтныхаа хариуцлагагүй үйлдлийг таслан зогсоож арга хэмжээ авах байх гэж найдаж байна гэлээ. НААҮГ-ын даргаар томилогдсон Н.Дорждэрэм нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн жолооч байжээ.
Мөн иргэдийн өгсөн мэдээллээр, гэрт нь сум орж ирсэн айл аймгийн ИТХ-ын төлөөлөгчийнх гэв. Тэрээр НААҮГ-ын даргыг томилсон асуудлаар аймгийн удирдлагуудад асуулга тавьж, үйл ажиллагааных нь талаар шүүмжлэлтэй хандан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар тус байгууллагын мэдээллийг авч хэлэлцэх талаар удаа дараа шаардаж байжээ.
Гэтэл шинэхэн авсан ажлаа үнэн зөвөөр бичиг баримт бүрдүүлж авсан уу, дээрээс томилогдсон уу гэдгээ тайлбарлахыг шаардсан иргэдийн хурлын төлөөлөгчийн гэр лүү гэгээн цагаан өдрөөр сум орж ирсэн нь ихээхэн сонирхолтой байгаа юм гэлээ.
Б.Золбоо




















































Сэтгэгдэл (5)