
Өнгөрсөн ням гараг буюу энэ сарын 3-4-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд дэх “Хадгаламж” банкны салбарыг эмэгтэй хүн дээрэмдсэн хэрэг гарсан. Энэ талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл өглөө. Хэрэг гарах үед "Хадгаламж" банкинд гурван эмэгтэй ажилтан байсан бөгөөд бусад салбараасаа мэдээлэл авахаар гадна хаалгаа онгорхой орхисон байжээ. Ажлын цаг дууссан 19,00 цагийн үед хар малгайг цоолон баг болгож өмссөн эмэгтэй буу шиг зүйл тулган ширээн дээр өрөөстэй байсан мөнгөнөөс 3 сая орчмыг авч зугтаасан байна. Тэрбээр зугтаж явахдаа хэдэн боодол мөнгө газар унагаасан нь тус банкны камерт бичигдсэн байжээ. Дээрэм хийсэн этгээд хойд зүг рүү зугтаасан гэж банкны ажилчид мэдүүлсэн аж.
“Хадгаламж” банкны Замын-Үүд дэх салбарын хамгаалагч энэ өдөр амарсан тул оронд нь жолооч нь ажиллаж байжээ. Гэвч жолооч нь ажлаар түр гадагш гарсан хооронд дээрэм хийсэн эмэгтэй орж ирсэн байна. Хэргийг шалгахаар Замын-Үүдэд ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа юм.
ЦЕГ-аас энэ хэрэгтэй холбоотойгоор банкуудын хамгаалалт, аюулгүй байдлыг сайжруулахыг анхааруулж байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)