
УИХ-ын чуулганаар “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого
батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Далайд гарцгүй орон гэдгээрээ агаарын тээвэр Монгол улсын хувьд стратегийн салбар болдог. Тиймээс энэ тогтоолд иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэхэд төрөөс хяналт тавьж, бодлого боловсруулах ёстой гэж УИХ-ын гишүүдийн олонхи үзсэн юм. Уг тогтоолд тусгаснаар тус салбарыг 2020 он хүртэл хоёр үе шаттайгаар хөгжүүлнэ. 2013-2016 онд агаарын тээврийн салбарыг бүс нутагтаа өрсөлдөх чадвартай болтол нь төрөө, дэмжиж хяналт тавих бол 2016-2020 онд илүү уян хатан бодлого баримталж дотоодын болон гадны хувийн хэвшлийг оролцуулахаар төлөвлөжээ.
УИХ-ын чуулганаар мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүдийн 81 хувь нь дэмжлээ. Одоо Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.