Цагаан сарыг хамаатнууддаа өөрийгөө шинээр таниулах том давуу талтай баяр гэж бодож байсан уу? Яагаад гэвэл чи жил ирэх тусам л хөгжиж, ирээдүйтэй, улам чухал хүн болж байгаа. Түүнчлэн цагаан сараар заавал хийх өөр 5 чухал зүйлсийг танилцуулж байна.1. “Тушаал” дэвших- Жил жилийн цагаан сараар буузны гурил элдэх, бэлэг аваачиж өгөх, салатны төмс арилгах зэрэг гарын үзүүрийн, жижиг сажиг зүйлсийг хийдэг байсан бол энэ цагаан сараар “тушаал” дэвшиж, шат ахь. Өөрөөр хэлбэл ерөнхий зохион байгуулах комисст орж, чухал шийдвэрүүдийг гаргаж, нөлөөллөө тогтоо. Сүртэй сонсогдож байна шүү, тийм ээ? Яг цаана нь бол хэвийн боовоо хаанаас авахыг шийдэж, гарын бэлгэнд юу өгөхийг санал болгох зэрэг ажлууд л байгаа шүү дээ.
2. Бүх зардлаа тэмдэглэх- Цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлэхэд маш их хөрөнгө мөнгө ордог. Дараа жил сул зардал гаргахгүйн тулд энэ жилийнхээ баяраар юунд хэдэн төгрөг зарцуулснаа бүгдийг нь бичээрэй. Гол нь “Шар тос-Хоёр кг, 7000 төгрөг” гэх мэтчилэн бага гэлтгүй тэмдэглэж аваарай. Дараа жилийн өдийд гэрийнхэн чинь юу, юу авахаа гайхан сууцгааж байхад нь дэвтрээ гаргаж ирж жинхэнэ сюрприз барихаа мартав аа!
3. Зочилсон айлынхаа тухай заавал магтах- Урьд нь энэ чухал албыг аав, ээж, ахдаа даатгадаг байсан бол энэ жилээс чи хүч нэмэгдэн ажиллах болно. Ингэхдээ хойморт сууж буй настанд эсвэл гэрийн эзэнд идээнийх нь өнгө хичнээн сайхан байгаагаас авахуулаад амттай бууз, махны тухай ярьж болно шүү дээ. Хүн бүхэн магтаалд дуртай. Тиймээс хамаатнуудаа , танилуудаа магтах жилд ганцхан тохиох боломжийг заавал ашиглаарай.
4. Шагай тоглох- Мартагдах шахсан уламжлалаа өөрсөддөө сэргээх үү, хонгор минь? Өөрийнхөө хүүхдүүдийг, гэрт ирсэн жаахан дүү нараа бүгдийг нь цуглуулж байгаад шагай тоглоорой. Тэднийг дуудаж, зөв зүйлд уриалж байгааг чинь хараад гэр бүлийнхэн нь чамайг “том” болж гэдгийг мэдрэх болно. Морь уралдуулж, Алаг мэлхий өрвөл бүр ч сайн.
5. Баярлах- Энэ бол гарын бэлгэнд баярлахаас арай өөр зүйл. Монгол түмэн маань уламжлалт цагаан сарын баяраа тэмдэглэж байна. Орчин үеийн завгүй бүсгүйчүүд мөн ч гэлээ энэ л үндэсний баяраараа сэтгэлээ хүртэл дөлгөөн болгож, баярын уур амьсгалыг мэдрэх гээд үнэн голоосоо хичээгээрэй. Хэдхэн жилийн өмнө л өлгийтэй байсан хүүхэд одоо алхаж яваад эмээдээ үнсүүлж, хамт тоглож өссөн хэдхэн насны зөрөөтэй эгч нь аль хэдийн ээж болчихсон байгаа биз? Энэ бүхнийг харуулдаг, таниулдаг гайхалтай баяр бол Цагаан сар. Заавал түүний сайхныг олж хараарай.
Цагаан сар гэхээр л зайгүй их зарлага харагдаж, гал тогоо зочны өрөөнд зогсолтгүй эргэлддэг өөрийгөө ахин бүү төсөөлөөрэй. Чи л сэтгэлгээгээ арай жаахан өөрчилчих юм бол баяр бүхэлдээ диваажин болж хувирна. Хамгийн ойр дотно байх ёстой хүмүүстэйгээ уулзаж, бууз салатаар “даруулдаг” амттай диваажин. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.



















































