Хятадын домгоор могой бол лууны жижигрүүлсэн хэлбэр гэж үздэг. Луу тэнгэрээс унахдаа ийнхүү жижигхэн амьтан болж хувирсан нь могой аж . Могой ийнхүү луу адил урт биетэй болсон боловч хүмүүс түүний биеийг харах гэхээр могой дургүйцэж, айж зугтдаг гэнэ.Дорнын зурхайн ёсоор могой нь маргаан мэтгэлцээн, гүтгэлэг, хов жив, хэрүүл маргаан гэсэн санааг дам илэрхийлдэг бөгөөд ялангуяа бар, бич жилтэнтэй холбоотой асуудалд энэ чанар нь илүү бодьтой хэрэгждэг байна.
Таван махбодийн онолоор бол могой нь гал махбодийн бүлгийн амьтан ба мөн шороо, төмөр хоёрыг давхар агуулдаг гэж үздэг боловч тахиа, үхэр жилтнүүдтэй холбоо хамааралтай тохиолдолд могойн төмөр махбодийн шинж хүчтэй илэрдэг. Харин морь, хонь жилтэнтэй учрах үед түүний гал шинж нь хүчтэй болдог. 2013 он бол усан махбодитой хар могой жил. Бас усан могой ч гэж нэрлэнэ. Өөрөөр хэлбэл, могой өөрөө гал махбодитой боловч 2013 онд усан махбодид оршино гэсэн үг. Тэгэхээр, могойн гал махбоди нь усан дотор орших тул тийм ч их аз завшаан авчрахгүй, мөн төдийлөн аюултай биш гэж ойлгож болно. Гэвч гал, ус хоёр махбодь нь 2013 онд хүмүүсийн амьдралд тохиох хийморийг тодорхойлох томоохон хүчин зүйл юм.
Дараахь урьдчилсан таамаглал бол 12 жилийн амьтан бүрийн шинжид суурилан ирж буй 2013 он тухайн жилд төрсөн хүмүүнд ямар нөлөө үзүүлэхийг харуулан, ажил амьдралын урдчилсан төлөв байдлыг гаргадаг. Дорнын зурхайгаар жил бүрийн хаврын тэргүүн сар бар сараар эхэлдэг.
Дорнын зурхайд үндсэн 12 жилийн шинж чанар хийгээд тэдний хоорондын таталцал, мөн харшлах шалтгааныг оддын орд, тохиолоор нь шинжиж авч үздэг. Үүний тулд 100 гаруй бүлэг оддын хөдөлгөөнийг судалж, тэдгээрийн хөдөлгөөнөөс хүмүүсийн амьдралд тохиох аз завшаан, учрал тохиолыг урьдчилан хэлдэг. Од болгон өөр өөрийн шинж чанартай байх ба тэдгээр нь азтай ба азгүй гэсэн ангилалд хуваагдаж, энэ нь хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөө үзүүлэх гол хүчин зүйл нь болдог. Эдгээрээс ирэх жилийн зурхайг төлөвлөн бичдэг болой.



















































