Арваннэгдүгээр сарын 16-ны үдэш болохтой зэрэгцээд “Тэнгис” кино театрын гуравдугаар танхимын үүдэнд монгол, франц, герман, англи хэлтнүүд шахцалдан зогсож байлаа. Гадуур хувцастайгаа зогсохын халуун, танхимын халуун хоршиж ихэнх хүн хүрмээ гартаа барьцгаажээ. Хүний тоо нэмэгдэхийн хэрээр хүлээгчид хоорондын зай улам ойртсоор. Энэ хүмүүс найруулагч Д.Бямбасүрэнгийн 2008 оны “Эзэн Богдын эр хоёр загал” хэмээх киноны нээлтэд оролцохоор 18 цагаас хойш цугларчээ. Цагаасаа эрт ирсэн англи хэлтэн нь англиар ярилцаж, герман хэлтэн нь германаар хэлэлцэж, франц хэлтэн нь францаар хошигнож, монгол хэлтнүүд монголоор үглэцгээж байв. “Арай л эрт ирчихлээ, гэхдээ суудалгүй гээд байхаар нь л...” гэж нэгэн эмэгтэйг хэлтэл нөгөө нь “Харин тийм ээ, Бямбаа эгч одоо ирээсэй дээ” гэж байлаа. Түүний хариуд “Германд амьдардаг хүн чинь зургаа гуч гэсэн бол зургаа гучдаа л ирнэ” хэмээн хошигноод авав. Даваагийн Бямбасүрэн найруулагч Герман улсад кино найруулагч мэргэжлийг эзэмшээд тэндээ амьдардаг нэгэн. Тийм ч учраас нээлтэд Герман улсын элчин сайдын яамныхан олноороо иржээ.
   Хажууханд англиар ярилцах хоёр эр “mongolians” гэх үгийг яриандаа байн байн дурдана. Энэ үед цаг 18.35 болж байлаа. Бямбаа найруулагч Германд амьдардаг ч гэлээ Монголд байгаа учир таван минут хоцорч байгаа бололтой. Хамгаалагч залуу гарч ирээд “Хойшоо болцгоогоорой, битгий шахаад байгаач ээ” хэмээн зандран хашгирах дуулдав. Энд ирээд 40 минут тэвчээртэй хүлээж, духанд нь хөлс ялгартал халууцсан бүх хүн урилгатай. Гэтэл хамгаалагч залуу уригдсан хүнтэй харьцах энгийн араншинг харуулсангүй.
   Ашгүй, гуравдугаар танхимд урилгаа цоолуулаад нэвтэрч чадав. Танхимын баруун эгнээ, голын эгнээнд VIP гэсэн бичиг наагаад, хоёр эмэгтэйгээр мануулжээ. Учрыг нь лавлатал Герман, Францын элчин сайд, улс төрчид суух гэнэ. Өнөөдрийн арга хэмжээ нэг талаасаа Д.Бямбасүрэнгийн киног Монголд албан ёсоор нээж байгаа ч нөгөөтэйгүүр “Франц-Германы дөрөв дэх кино наадам”-ыг давхар нээж буй ёслол юм. “Эзэн Богдын эр хоёр загал” кино “Тэнгис”-т дөрвөн өдөр гарах бол франц, герман кинонуудыг “Black Box” театрт үзүүлэх аж. Хүмүүс суудлаа эзлэхээр бужигнасаар 10-аад минут өнгөрөхөд сая л нам жим болж, Франц Германы элчин сайдууд нээлтийг хийгээд зохион байгуулагчид, найруулагч, гол дүрийн бүсгүй гээд хэд хэдэн хүнийг тайзнаа урьж, цэцэг гардууллаа. Бямбаа найруулагч Герман улсад амьдардаг ч франц нөхөртэй нэгэн болохоор энд цугласан гадаад иргэдийн дийлэнхийг нь таньдаг бололтой. Ер нь танхимд цугласан хүн бүртэй мэндэлж байсан тул яриа өрнүүлж уулзах нь сэтгүүлчдийн хувьд хэцүүхэн асуудал байв. Тэрээр байнга л хэвлэлийнхнээс “бултаж”, аргагүй нөхцөлд хоёр асуултад хариу өгдөг нэгэн. Хэвлэлийн бага хурлын дараа түргэхэн явчихна, үг хэлэх болохоор цөөн зүйлийг хэлээд буучихна. Ер нь л үг хэлэх, тайлбар хийх, асуултад хариулахыг хүсдэггүй хүн мэт санагдаж байлаа. Түүний араас улаан ороолттой, бор царайтай, урт үстэй, инээмсэглэлээр дүүрэн нэгэн эмэгтэй зай алдахгүй даган явах нь гол дүрийн жүжигчин-дуучин Урнаа. Энэ хоёр найз уран бүтээлээ хамгийн анх Германд нээсэн бөгөөд одоо Францад гаргасаар байгаа гэнэ. Харин Монголд гаргах зөвшөөрлийг зохиогчийн эрхийн дагуу “NTV” телевиз худалдаж авсан ажээ. Найруулагч, жүжигчин-дуучин хоёр маань үзэгчдийг ирсэнд талархаж, хамтран ажилласан, тусалсан хүмүүстээ баярлалаа гэж хэлээд киногоо үзэхийг урья хэмээн ээлжит богино үгээ хэлээд буув. Ингээд кино эхэлсэн юм.
   Энд киноны тухай ярихгүй хэдий ч, үзэхгүй өнгөрөөвөл нэгэн төрлийн тааламжтай сэтгэл хөдлөлөөс хоцорч үлдэхээр кино болжээ гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Бямбаа найруулагч Урнаагаа дагуулаад тайзнаас танхимын голын суудалд очиж суув. Сэтгүүлчид камертайгаа шууд дагаж, танхимаас гарч яриа өгөөч хэмээн гуйхад нь “Үгүй ээ” гээд шулуухан хариулчихлаа. Зураглаач харанхуй танхимд гэрэл тусгаж зураг авахад нь “Хүмүүс кино үзэх гээд байна, битгий зураг аваач” хэмээн Д.Бямбасүрэн гуйснаар телевизийнхэн ч кино үзэх “ажилдаа оров”. Түүний урд эгнээнд суух бүрх малгайтан бол МУГЖ Д.Сосорбарам, архан талд нь суух бас нэг бүрх малгайт “Боролдой” студийн найруулагч С.Мягмар байв. Ойр хавьд нь Франц, Германы элчин сайдууд суух бол хойд хэсгийн суудалд УИХ-ын гишүүн С.Баяр ирж суужээ.
   Энэ танхим 420 хүний суудалтай. Суудал бүрт хүн сууж, зарим нь багачуудаа өвөр дээрээ авчээ. Танхимын голоорх шатан дээр сууж, арын талбайд зогсч “Эзэн Богдын эр хоёр загал”-ыг үзсэн хүн цөөнгүй. Энэ кино баримтат мөртлөө уран сайхны зохиомжтой. “Шар нохойн там”, “Ингэн нулимс” хэмээх бүтээл ч мөн энэ төрөлд хамаардаг. Гол дүр нь бодит хүн, болж байгаа үйл явдал нь үнэн, ярилцаж, харилцаж байгаа нь энгийн учраас энэ киног үзэхэд улам сонирхолтой болгожээ. Эмээгийнхээ захиасыг биелүүлэхээр яваа Урнаа бүсгүй монголчуудтай уулзаж, хөдөө нутгаар явж, уламжлал соёлын орхигдож гээгдсэнийг нэхэн сурвалжлахаар тэмцэнэ. Мэдээж гар утасны сүлжээ тасрах, машин шаварт суухаас эхлээд асуудал, бэрхшээл тулгарна. Тэнгэрт хальсан эмээдээ хандаж үргэлж захидал бичих Урнаа бүсгүй “Хуучин нь шинэдээ зай тавьж, шинэ нь хуучнаа сэргээн явах жам мөртэй юм” хэмээх үг нь хамгийн гол санаа болов уу.
   Кино төгсөж, танхим гэрэлтэхээс 10-аад хормын өмнө С.Баяр гишүүн танхимыг орхин гарлаа. Урнаа бүсгүй ч зорьсоноо биелүүлж, кино дуусахад дэлгэцнээ “Морин хуурын чуулгынханд талархлаа” хэмээгээд “2008 оны долдугаар сарын нэгний үймээнд кинонд гарсан хөгжим, зэмсэг сүйдсэнд харамсаж байна” гэх үгийг бичжээ. Үзэгчид, зочид урд хаалгаар, найруулагч, жүжигчид хойд хаалгаар гарч дараагийн арга хэмжээг зорих болов. Театраас гарахад 21 цаг болж, шинэ цас хаялаад эхэлжээ. Уригдсан зочид “Black Box” кино театрт хүлээн авалтын ёслолд оролцохоор одлоо. Энэ завсар багахан хугацаанд дуучин Урнаатай уулзаж ярилцах гэсэн ч асуултад “Би сайн мэдэхгүй байна, Бямбаа найруулагч мэднэ” хэмээх хариуг хоёр ч удаа хэллээ.
   М.Ангараг захирлын “Хар хайрцаг” театрт очиход зочид хэдийнэ ирээд, яриа өрнүүлэн зогсоцгоож байв. Энд найруулагч, жүжигчин-дуучин хоёр ирж амжаагүй байлаа. Гаднаасаа хайрцаг мэт дөрвөлжин энэ танхимыг урлагийн орчин гэж хэлээгүй ч байсан мэдэгдэхээр засч тохижуулжээ. Хаалгаар ормогц урд ханыг тэр чигт нь цагаан дэлгэц болгож, хоймор хэсгийг хоёр давхар болгон зассан нь үзэгдэнэ. Таазнаас зүүсэн аварга том болор-гэрлэн бүрхүүлийн дор цав цагаан төгөлдөр хуурыг улаан хивсэн дээр байруулжээ. Хана, багана бүрийг уран баримал мэт бүтээсэн бөгөөд шатны дор модон эмээл тэргүүтэй уран бүтээлийн эд хэсгийг эгнүүлсэн байна. Ариун цэврийн өрөө нь ч өвөрмөц шийдэлтэй, сандал нь хүртэл эгэл биш хийцтэй аж. Удалгүй энэ үдшийн эзэд танхимд орж ирээд бүгдийг нь зууш амттан, герман талх, уух зүйлийг зассан ширээнд урьж үдэшлэгийг эхлүүлэв. Танхимын эргэн тойронд монгол, гадаад олон хэлээр яриа сүлэлдэж, эргэн тойрон инээмсэглэсэн хүмүүс зогсож, сууцгаана.
   Энэ дунд хамгийн завгүй гүйсэн, хамгийн эрэлттэй хүн бол Бямбаа найруулагч. Түүнтэй зөрөх хүн бүр баяр хүргэж, асууж зөвлөж, инээмсэглэн өнгөрнө. Нэг газраа тогтохгүй дээшээ, доошоо, ийшээ тийшээ шогших түүнтэй ярилцах боломж олдохгүй байлаа. Урьдчилан бэлтгэсэн тайзанд тэднийг урьж, үг хэлэхийг хүсэхэд нэлээд сандарсан нь харагдав. Урнаатайгаа тохирсон зүйлээ хэлэх гэснээ больж, болих гэснээ хэлчих гээд ард нь дуучин бүсгүй уулга алдах бөгөөд танхим дүүрэн инээд түгнэ. “Та бүхнийг ирсэнд маш их баярлалаа. Одоо нэмж юу ч хэлмээргүй байна, яагаад гэвэл та бүгдийн баярласан царай, нүднээс миний кино ямархуу кино болсон бэ гэдэг нь харагдаж байна” гэв. Дараа нь жүжигчин-дуучин “Ганц минут чшшш...” хэмээж танхимыг эзэмдээд найруулагчтайгаа хамт нэгэн дууг дуулав. Бямбаа найруулагч дуулж дуусаад “Бидний зураг авалтын үед сүлд дуу маань болж байлаа. Энэ дууны хүчээр бид киногоо дуусгасан, баярлалаа. Баяртай” гээд хэлчихэв. Тэгснээ бушуухан залруулж “Баяртай биш шүү, баяртай биш” гэж хэлээд дахин танхим дахь хүмүүсийг инээлгээд авлаа.
   Бямбаа Урнаагийн хамт хүмүүстэй уулзаж, том өрөөн доторх тойрон аяллаа үргэлжлүүлэв. Үдэшлэг өрнөсөөр 11 цаг хүргэхэд зочид эхнээсээ явж байв. Тэднийг бүгдийг нь явах хүртэл үдэшлэгийн эзэд завгүй хүлээсээр байсан билээ. Түүнтэй ярилцах дөрвөн минутын л боломж гарсан бөгөөд бусад үед тэрээр зугатсаар байсныг хэлэх хэрэгтэй. Баримтат-уран сайхны гурав дахь киногоо эх орондоо нээж буй тэр “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байсан удаатай. Харин энэ киногоо хамгийн сүүлд Монголд нээн үзүүлж байгаа нь ямар нэгэн шинэ санаа, өөр зүйл хэлэх гэсэн мэт. Адилхан найруулагчид нь түүний тухай “Энгийн нэг монгол ахуйг харуулсан байдаг л кино” гэх бардам үгнийх нь хариу болгосон юм шиг. Европын орнууд АНУ гээд олон газар нээж, олон үзэгчээс сайхан сэтгэгдлийн үг хүлээн авсан тэр одоо бардам амтай зарим хүний өмнө бардам зогсоо биз ээ. Эх орныхоо уламжлалт соёлын зүйлийг кинонд мөнхжүүлэхийг хүсч байсан учраас энэ киногоо бүтээсэн хэмээх түүний үг, хүсэл биелжээ. Өдрөөс өдөрт орхигдож байгаа, шинэдээ зайгаа тавьж буй хуучин соёлыг Д.Бямбасүрэн найруулагч ийнхүү эргэн сэргээсэн юм.
Б.Ганбилэг