Улсын ерөнхий прокурор болон Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг мэдээллийн үеэр эрүүгийн хэргийн талаар мэдээлэл өгөв. Энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын орлогч дарга Ц.Батболдоос дараах зүйлийг тодрууллаа.-МИАТ-ын хэрэг юу болж байна?
-Есөн хүнийг цагдан хорьж шалгасан хэвээр байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.
-Уг хэрэгт Г.Алтанг шалгаж байгаа гэсэн мэдээлэл цацагдсан?
-Г.Алтанг шалгасан зүйл байхгүй.
-Мөн томоохон банкуудыг шалгаж байгаа гэсэн?
-Тийм зүйл ч байхгүй. Мөнгө угаах хэрэг банк санхүүгийн байгууллагаар дамжсан гүйлгээтэй холбоотой учраас тэр байгууллагатай холбоотой мэдээллийг авах ажиллагаа явагдаж байна.
-С.Зориг агсны хэрэгт хоёр хүн саатуулсан гэсэн?
-С.Зоригийн хэрэгт хоёр хүнийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан нь ташаа байсан. ЦЕГ-аас ч ташаа мэдээлэл гэж мэдэгдсэн. АНУ-д манай хүсэлтээр ямар нэгэн ажиллагаа явагдаагүй. Манай хуулийн байгууллагатай холбоотой мэдээлэл биш юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд шинээр ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Харин хэргийн ахиц дүгнэлтийг хэлэх боломжгүй байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа.
-ИНЕГ-ын удирдлагуудын хэрэг юу болж байна?
-ИНЕГ-ын тухайн үед ажиллаж байсан удирдлагуудыг АТГ-д шалгаж байгаа.
-Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн үү?
-Нийслэлийн прокурорын газрын эрүүгийн хэрэг үүсгэсэн хэрэг дотор ийм хэрэг байхгүй. Мөрдөн байцаах болон АТГ-т гомдол ирсэн байж магадгүй.
-УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүдтэй холбоотой хэрэг НПГ-т байгаа юу?
-УИХ-ын гишүүдтэй холбоотой хэргүүд байгаа. Гэхдээ УИХ-ийн гишүүдийн нэрийг хэлэх боломжгүй байна.
-Нууц задруулсан гэх ТЕГ-ын ажилтан В.Нямхандын хэрэг юу болж байна?
-Манайд хянагдаж байна.
-Татварын ерөнхий газрын удирдлагуудын хэрэг?
-Татварын ерөнхий газрын хэрэгт дөрвөн хүнийг холбож шалгаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад нэлээд ээдрээтэй байна. Гадаад дотоодоос мэдээлэл авах шаардлагатай тул хугацаа хэрэгтэй байгаа. Энэ хэргүүдийн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
-АМГ-ын дарга асан Д.Батхуягийн хэрэгт холбогдсон “Зэлэм” компанийн захирал Ш.Бат-Ирээдүйн гэрээс их хэмжээний мөнгө олдсон гэсэн. Энэ хэргийг шалгаж байгаа юу?
-Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуягийн хэрэгтэй холбогдуулж Н.Бат-Ирээдүйг шалгасан. Мөрдөн байцаалтын шатанд түүний гэрээс тодорхой хэмжээний мөнгө олдсон. Гэхдээ Д.Батхуягт холбоотой хэргийг шүүхээр шийдсэн. Энэ хэргийн талаар Авлигатай тэмцэх газраас мэдээлэл өгч байгаа.
-ХХААХҮЯ-ны сайд асан Т.Бадамжунай нарыг Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн хүрээнд 2012 онд төсөвт тусгасан 500 сая төгрөгийг зориулалтын дагуу ашиглаагүй, хувьдаа завшсан хэрэг юу болов?
-АТГ-аас шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газрын хяналтад ирээд байна.



















































