ОХУ-д айлчилж байгаа Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ өчигдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, ОХУ-ын баатар, армийн генерал С.К.Шойгутай уулзаж төлөвлөсөн ёсоор хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараа хоёр сайд сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн “Алмаз-Антей” концерн, ”Иркут” корпорацийн үйл ажиллагаатай танилцжээ. Мөн мото буудлагын 5 дугаар тусгай бригадад зочилж сургалтын материаллаг бааз, цэргийн хуаран, байлдааны буудлагатай хичээл сургуулийн явцтай танилцсан байна.

Айлчлалын бүрэлдхүүн өнөөдөр үдээс хойш Москвагийн цэргийн дээд сургууль, академид суралцаж байгаа Монголын цэргийн албан хаагчдын төлөөлөл, Москвад амьдарч байгаа ахмад дайчидтай уулзалт хийнэ гэж Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас мэдээлэв.





















































