
Олон улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын “Coal Mongolia-2013” чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн билээ. Чуулганыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг нээж үг хэлсэн бөгөөд Монголын талаас салбарын мэргэжилтнүүд болон хувийн хэвшлийнхэн Монголын нүүрсний салбарын өнөөгийн байдалтай холбоотой илтгэл тавьж байна. Гурав дахь жилдээ болж байгаа энэ уулзалтын илтгэгчид нүүрсний салбарыг хөгжүүлэхэд дэд бүтцийн асуудлыг шийдэх ёстой гэдгийг онцолж байлаа. Ялангуяа нүүрсээ хэрэглэгчдэд ойртуулахын тулд төмөр замын асуудлыг яаралтай шийдэх ёстой гэсэн дүгнэлт зонхилж байна. Цаашид энэ салбарт хөрөнгө оруулагчдыг татах, уул уурхайн дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй гэж чуулганд оролцогчид дүгнэн хэлж байна.
“Coal Mongolia-2013”-д 10 гаруй орны 700 орчим төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд маргааш өндөрлөх юм. Маргааш Эрчим хүчний яамны дэд сайд Д.Доржпүрэв Монгол улсын эрчим хүчний хэрэглээний өнөөгийн байдал, нөөц, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар илтгэл тавих юм байна.