

Харин өчигдөр парламентын гишүүд Борис Бойковын кабинетыг огцрохыг зөвшөөрөх эсэх дээр санал хураажээ. Парламентын 240 гишүүнээс 209 нь энэхүү саналыг дэмжсэнээр Засгийн газар огцрохыг хууль ёсоор зөвшөөрсөн байна. Тус улсын Ерөнхийлөгч одоо түр кабинетыг томилж, шинэ Засгийн газрыг сонгох сонгуулийн товыг зарлах ёстой. Одоогоор сонгуулийг дөрөвдүгээр сарын эхээр эсвэл долдугаар сард явуулна гэсэн шийдэл гарчээ.
Болгарын ард түмэн эрчим хүчний төлбөр хэт өндөр үнэтэй байгааг эсэргүүцэж орон даяар 10 хоног эсэргүүцэн жагссаны дараа Ерөнхий сайд огцрох хүсэлтээ илэрхийлсэн юм. Тэрбээр “Бид шинэ кабинетыг сонгох хүртэл үүрэг, зорилгоо шинэчлэн ажиллах болно. Бид огцрохоо мэдэгдсэн ч тэр сонгууль хүртлэх хугацаанд чадах бүхнээ хийнэ” хэмээн мэдэгдсэнийг үндэсний мэдээллийн агентлаг онцолжээ.
Д.Идэр

