
Монголд үндэсний сэтгүүлзүй үүссэний түүхт 100 жилийн ой ирэх гуравдугаар сарын 6-нд тохионо. Монголын сэтгүүлзүйн ууган байгууллага МСЭ энэ ойг угтсан нэг жилийн бүтээлч аян зарлаж нэлээдгүй ажил хийгээд байгаа юм. Энэ ажлын хүрээнд МСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид сэтгүүлзүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагуудын удирдлагуудтай өчигдөр уулзаж түүхт ойгоо хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал солилцлоо. Монголын хэвлэлийн хүрээлэн, Глоб интернэшнл, Монголын өдөр тутмын сонинуудын холбоо, Монголын сонины холбоо, Эмэгтэй сэтгүүлчдийн “Даймонд” клуб, Монголын телевизүүдийн холбоо, Монголын радио телевизийн академи, Монголын сайтуудын ассоциац, Монголын сэтгүүлзүйн академи, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо зэрэг байгууллагууд түүхт ойгоо сурталчлах, өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх талаар хамтран ажиллахаар тохиролцов.
Монголын сэхээтнүүд бие даан гаргасан “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдсэн гуравдугаар сарын 6-нд 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлснээр энэ ажил өндөрлөчихгүй, энэ оны турш цуврал арга хэмжээ зохион байгуулах нь зүйтэй гэж талууд тохиролцсон байна.