Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Н.Нацагдорж, газрын зөвшөөрөлтэй ч барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй мөн улсын комисс хүлээж аваагүй барилгын тухай удирдлагын зөвлөлийн гишүүдэд мэдээллээ. НИТХ-ын тогтоол болон, Засаг даргын 2012 оны А 557 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа зөвшөөрлийн зөрчилтэй болон, зөвшөөрөлгүй барилгуудад шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсгийн шалгалтаар зөрчилтэй болон, огт зөвшөөрөлгүй нийтдээ 93 барилга байгаа нь тогтоогдсон байна. Үүнээс удирдлагын зөвлөлийн хуралдаанд 43 барилгыг Ерөнхий архитектор танилцуулсан юм.Эдгээр барилгуудын 41 барилга нь батлагдсан зураг төсөлгүй, техникийн нөхцөлгүй, дулаан, цэвэр бохир усны техникийн нөхцөлгүй, магадлалын ерөнхий дүгнэлт байхгүй зэрэг дутагдалтай байгаа бөгөөд , харин "Авзага трейд", “Тэмүүлэнбаатар” компаниудын орон сууцны барилгууд нь газар эзэмших, барилга барих ямар ч зөвшөөрөлгүй барилгын ажлыг эхлүүлжээ.
Удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд, зөрчилтэй 41 барилгын эздэд зөрчлөө арилгах хугацаа өгч, зөрчлүүдээ арилгасан тохиолдолд барилгаа үргэлжлүүлэн барих зөвшөөрөл олгох нь зүйтэй гэж үзсэн юм. Огт зөвшөөрөлгүйгээр барилга барьсан "Авзага трейд" ХХК орон сууцны барилга, “Тэмүүлэнбаатар” компанийн барилгуудыг татан буулгаж, газрыг төр мэдэлдээ буцаан авах ёстой гэж үзэн, энэ асуудлыг зохих хуулийн дагуу зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн зөвшөөрөлгүй болон, зөрчилтэй барилгуудын тоог дахин нэмэгдүүлэхгүй байх талаар шат шатандаа анхаарч ажиллахаас гадна, Улаанбаатар хотын газар олголт, барилгажилт хот байгуулалтын асуудлыг зохицуулах нийтлэг журмыг ойрын хугацаанд боловсруулж, НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар батлуулах хэрэгтэй гэсэн НИТХ-ын дарга Д.Баттулгын саналыг удирдалгын зөвлөлийн гишүүд дэмжлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



















































