ЭМЯ-ны дэргэдэх Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамт олон 9 хүсэл буюу хувь хүн өөрийгөө хөгжүүлэх амин 3 хүсэл, байгууллагаа хөгжүүлэх чин 3 хүсэл, эрүүл мэндийн салбараа хөгжүүлэх алтан 3 хүслээ хөгжин дэвжихийн бэлгэдэл болгон Тийн ялгуусан хэмээх усан Могой жилийн билгийн тооллын Шинийн 15-ны билэгт сайн энэ өдөр “Хөгжлийн өргөө”-ндөө өргөж, тухайн байгууллагад олон жил хөдөлмөрлөж, оюун чадлаа шингээсэн үе үеийн ахмад ажилтнуудынхаа хамтаар Түүхийн булангийнхаа нээлтийг хийсэн байна.Хөгжлийн төвийн захирал Ч.Бат-Эрдэнэ “Хөгжлийн өргөө”-нд орсон хүсэл бүхэн биелж, байгууллага, салбарын ажилд шинэ эрч хүч, шинэ санаачлагын галыг бадраах болно гэв.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар бид ямар нэгэн улс төрийн хүчин сонгуульд ялж ард түмний хүсэл мөрөөдлийг биелүүлнэ гэж найдаж хүлээж суух биш, өөрсдөө улс орноо, эрүүл мэндийн салбараа, байгууллагаа, өөрийгөө хөгжүүлнэ гэсэн хүсэл мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж зүтгэн, амжилтанд хүрдэг болох эхлэлийг тавьж байгаа нь энэ хамт олны хүсэл санаачлага төдийгүй, улс орны хэмжээнд бүх албан байгууллага, ажилтан албан хаагчид өөр өөрийн хөгжлийн өргөө, хөгжилд тэмүүлсэн хүсэл мөрөөдөлтэй байхыг уриалж байгаа явдал гэдгийг тус төвийн хамт олон хэлж байв.
“Хөгжлийн өргөө”-нд битүүмжлэн хадгалсан хүслээ Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 20 жилийн ойн баяр буюу 2016 оны Бичин жилийн Шинийн 15-ны өдөр нээхээр товлолоо. Энэ мэтчилэн хүн бүр сайн сайхныг хүсч, түүнийгээ биелнэ гэж итгэн, түүндээ хүрэхийн төлөө зүтгэвэл “Олны хүч оломгүй далай” гэдэгчлэн улс орны хөгжилд бидний оруулах бодит хувь нэмэр болох юм.



















































