Өнөөдөр тамхичдын эрх чөлөөтэй байх сүүлчийн өдөр. Маргаашнаас олон нийтийн газар тамхи татсан хүн болгон өөрийгөө болон бусдыг хордуулсан “хэргээр” торгуулдаг болно. Тамхи таван нас, архи арван нас хорогдуулдаг гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч мэддэг ч тамхидалтыг таслан зогсоож чадахгүй л байна. Зарим оронд тамхи татахыг хуулийн хүрээнд хатуу чанга хорьсон байдаг бол заримд нь эрх чөлөө олгосон байдаг. Гэхдээ хатуу чанга хоригтой орнуудын ихэнхи нь өндөр хөгжилтэй орнууд байдаг. Тиймээс Монгол улс ч гэсэн энэ хуулийг хэрэгжүүлснээр нэг алхам урагшилж байна. Альч нийгэмд бараан хэсэг байдаг. Тэр болгонд архи, тамхи холбогдож байдаг. Тэгвэл тамхи гэгч гайг амьдралаасаа холдуулах хүсэлтэй хүн олон байдгийг энэ хуулийг дэмжин хүлээж буй монголчуудаас харж болохоор. Энэ хуулийг монголчууд нааштайгаар хүлээн авч, бүр хэрэгжиж эхлэхээс нь өмнө зарим хүн бэлтгэлээ хангаж тамхинаас гарч эхэлжээ. Танил маань “Энэ муу хогийг татаж 50 мянган төгрөгөөр торгуулж байхаар хүүхдүүддээ юм авч өгье” гэж хэлээд шууд л тамхинаас гарахаар шийдсэн. Шийднэ гэдэг эхлэл шүү дээ. Ялангуяа олон жил тамхи татсан, 40-50 насны архаг тамхичид энэ хуулийн сургаар л тамхинаас гарах тухай ярьж, зарим нэг нь аль хэдийн гарсан гэнэ. Магадгүй тэд мөнгөний үнэ цэнийг мэддэг, хэзээ нэгэн цагт энэ муу тамхинаас гарна гэж бодож явсныг нь энэ хууль “хатгаж” өгсөн байх.
Гурван жил тамхи татсан мөнгөө цуглуулсан бол машинтай болж болох тооцоо ч гарсан байдаг. Өдрийн хоолоо олох гэж зүдэрдэг ядуу нэгэн байсан ч тамхины мөнгө олдоод л байдаг гэдэг. Тамхи өөрөө хортой, хүнийг донтуулдаг учраас хүүхэддээ хоол авч өгөхийн оронд өөрөө татаад байгаа хэрэг.
Тамхийг гэртээ эсвэл машиндаа ганцаараа байхдаа л татаж болох энэ хууль тамхины бизнес эрхлэгчдийг ажилгүй болгож байна гэж гомдлох нэгэн бас байна. Гэхдээ цөөн хэдэн хүний бизнесээс илүү олон нийтийн эрүүл мэндийн асуудал энд яригдаж байна. Архины зарим үйлдвэрийн лицензийг цуцалснаар бизнес эрхлэгчид нь арьс ширний үйлдвэр болгож бараг л “баатар” болсон. Үүн шиг эрүүл өөрчлөлт ч энэ бизнест ч салхилах биз. Та 3-р сарын нэгнээс өмнө амжиж тамхинаас гарсан уу? Таны ойр орчимд тамхинаас гарах хүсэлтэй ч чадахгүй байгаа нэгэн байна уу? Тэгвэл тамхинаас гарах хэрэгтэй гэдгийг заавал сануулаарай. Яагаад гэвэл өнөөдөр тамхичдын эрх чөлөөтэй байх сүүлчийн өдөр.
Баасан гарагт хотын төвөөр нэг халамцуу, тамхи баагуулсан охид, залуус байдаг байв. Харин маргааш 3-р сарын эхний өдөр тул архи худалдаалахгүй. Улаанбаатар хотынхон бараг л анх удаа ийм тайван баасан гарагийг үзэх нь. Маргааш баасан гараг. Тамхигүй, архигүй баасан гараг...
Т.Гэрэл




















































Сэтгэгдэл (1)