“Оюутолгой” компаниас хууль бусаар халагдсан гэж шүүхэд хандсан С.Гантуяа анхан шатны шүүхэд тус компанийг ялжээ. Тэрбээр “Оюутолгой” компани нь монгол ажилчдыг ялгаварлан гадуурхаж, гадаад ажилчдад илүү цалин өгдөг гэж мэдэгдснийхээ төлөө ажлаасаа халагдсан юм. Шүүх хурал “Оюутолгой” компанийн хүсэлтээр гурван ч удаа хойшилсон ч нэхэмжлэл гаргаснаас хойш дөрвөн сар гаруйн дараа буюу өчигдөр болжээ. С.Гантуяа “Оюутолгой эрх зүйн хувьд алдаатай, ажилчдаа хохироосон байна гэсэн хариу гарсан. Ийм шийдвэр гарсан нь ганцхан миний асуудал биш. Шүүх хурлын явцад энэ компанид ажилладаг, ажиллаж байсан маш олон хүн надтай ирж уулзсан. Шүүх хурлыг ямар нэг шалтаг хэлээд олон удаа хойшлуулсан учраас энэ үндэстэн дамнасан, дарамт шахалт үзүүлдэг компанитай тэмцэхэд шантрах зүйл байсан. Гэхдээ шүүх миний талд шийдвэр гаргаснаар Оюутолгойд ажилладаг монголчуудын цалинг зөрүүг арилгах боломжтой болно” гэв. Шүүх хуралд С.Гантуяагийн албан ёсны өмгөөлөгчөөр оролцох хүн олдоогүй бөгөөд харин МҮЭХ-ны ХХЗ-ны хуульч Анхзаяа, Наранбаяр хууль, эрх зүйн зөвлөгөө өгсөн байна. Одоогоор шүүх хурлын шийдвэр албан ёсоор түүний гар дээр ирээгүй байгаа бөгөөд Оюутолгой компани Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцвэл дараагийн шатны шүүхэд хандах боломжтой юм. Түүний хэлснээр хэрэв “Оюутолгой” компани давж заалдахгүй, давж заалдсан ч С.Гантуяагийн талд гарвал нэхэмжлэлийн дагуу түүнийг эргүүлж ажилд нь авах, ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрийг олгох, Нийгмийн даатгалын дөрвөн сар тасарсан шимтгэлийг нь нөхөн төлж өгөх аж.
Тэрбээр “Энэ шийдвэр “Рио Тинто”, “Оюутолгой”-д Монгол улс хууль тогтоомжтой, бүх зүйлийг мөнгөөр зохицуулж болдоггүй юм шүү гэдгийг санууллаа. Хөдөлмөрийн яамын төлөөлөгчид Оюутолгой монгол ажилчдыг дарамталдаг, цалин нь эрс зөрүүтэй байна гэдгийг мэдэгдээд байгаа. Ямар ч байсан цаашдаа уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байгаа олон монголчуудын эрх ашгийг хамгаалах байх гэж бодож байна. Эхний дохио нь Оюутолгой компанийг шүүхээр ялсан явдал боллоо” гэсэн юм.
Т.Гэрэл




















































Сэтгэгдэл (39)