ҮДБЭЧ-ын уран бүтээлчид энэ сарын 16, 17-нд Монголын анхны бүжгийн жүжиг болох “Нарны домог”-ийг тоглох гэж байна. Алдарт "Нарны домог" бүжгийн жүжиг Монголын тайзнаа тавигдаад өдгөө 25 жил болжээ. Эв нэгдэл, эрх чөлөөний билэгдэл болсон энэхүү ардын бүжгийн жүжигт Алангуа эхийн ариун сургаалаар, багцалсан таван сум лугаа адил эвсэн нэгдэж эрч хүч, эрдэм авъяасаараа дайснаа даран дархан цолоо мандуулан ард олноо амар жимэр аз жаргалтай болгож байгаа баатарлаг хөвгүүдийн тухай бүжгийн яруу тансаг хөдөлгөөнөөр дүрслэн харуулдаг билээ. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн цомнол, АЖ, Хөдөлмөрийн баатар, Д.Лувсаншаравын хөгжим, Төрийн соёрхолт, УГЗ. С.Сүхбаатарын дэглэсэн уг жүжгийн ерөнхий удирдаачаар СТА.Н.Буянбаатар ажиллах юм байна.
Т.Хулан





















































