Улаанбаатар хотод “нас дээр” гарсан ашиглалтын шаардлага
хангахгүй 75 орон сууц бий гэсэн тоо баримт байна. Түүнчлэн ашиглалтын
шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гараагүй ч эдэлгээ нь муудсан 280 орон
сууц байдаг аж. 24tsag.mn энэ удаад хүн амьдрах боломжгүй, нурахад бэлэн
болсон барилгуудын талаар сурвалжиллаа.Ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн хяналтын албан ёсны дүгнэлт гарсан 75 орон сууцны барилгын ихэнх нь Баянзүрх дүүрэгт байдаг аж. Сансарын 44 дүгээр байр тус хотхонд ийм барилга хэд, хэд байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Мөн Хан-уул дүүрэгт нэлээн олон барилга байдаг аж. Бид эдгээр барилгаас Их дэлгүүрийн урд байрлах "Худаг усны-36", "Дулааны-18" нэртэй орон сууцанд очсон юм.
Баруун хажууд нь Улаанбаатар их дэлгүүр, чанх ард талд нь “Peace tower” хэмээх орчин үеийн шийдэлтэй өндөр шилэн барилгууд сүндэрлэхтэй зэрэгцэн хуучирч муудсан хоёр барилга оршиж байна. 1961, 1962 онд баригдсан эл хоёр барилга нь подволгүйгээс гадна, нурж унах шахсан хана, таазтай, цахилгааны утас, бохирын шугам нь ил гарч бүхэлдээ чийг үнэртэж байв. Заримдаа бохирын шугамаас бохир ус нь дусдаг хэмээн эндхийн оршин суугчид ярьж байлаа. 1991 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн Улсын хянан байцаах газрын шийдвэрээр тус орон сууцыг барьжээ. Эл байрууд "Эвт-4" хэмээх СӨХ-д харъяалагддаг байна. СӨХ-ийн зүгээс НМХГ-т албан хүсэлт гаргасны дагуу хоёр жилийн өмнө шалгалт хийсэн аж. Шалгалтаар барилгын нэгдүгээр давхрын шал суулт өгснөөс болж хэд, хэдэн хамар хана сууж, нурж унах нөхцөл бүрдсэн, шатны хонгилын таазаар ус гоожин модон хучилт хотойсон, дотор халаалт, цэвэр усны шугамд засвар хийгдэж байгаагүйгээс цоорч ус байнга шүүрдэг нь тогтоогдсон байна. Мөн “Барилгын ханын суулт, хагарал нь хэв гажилтад орж цууралт үүсэн мөөгөнцөрдөж, дотор халаалтын шугам нь оршин суугчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нь илт. Тиймээс барилгыг задлан буулгах асуудлыг холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэн хот төлөвлөлтийн шаардлагад нийцсэн байгууламж барих нь зүйтэй гэсэн дүгнэлтийг барилгын техникийн улсын байцаагч гаргасан байна.
Худаг усны 36 дугаар байрны оршин суугч О.Цэндсүрэнгийнхээр орлоо. Тэдний хана нь зөвхөн цементэн өнгө шавар, обойн дээрээ тогтож байгаа харагдав. Хана нь бутарч унасан зөөлөн шороо болсон учир нохой нь ухаад нүх гаргачихдаг тухай гэрийн эзэн ярилаа. Эл айлын гэрт сантехникийн бүх хэрэгсэл нь ажилладаггүй юм байна. Орон сууцнаас
сантехникч дуудахад “Өө эмээ минь. Энэ чинь дээр үеийн барилга. Одоогийн
багаж техник таарахгүй” гээд явчихдаг талаар гомдоллов. Одоо бол энэ айлд өдөр
болгон цахилгааны гэмтэл гарч, ус тасарч байна. Зуны улиралд таазнаас
байнга дусаал дусдаг гээд амьдрахад бэрх орчин байв.Худаг усны ажилчдыг анх энэ байранд оруулахад усанд орох ванн ч байхгүй байсан аж. Бүгд ганц өрөө байр бөгөөд цөөхөн хэдэн орцонд л хоёр өрөө байр бий гэнэ.
Аргаа барсан оршин суугч дусаал дусч буй газартаа зузаан цаас аваачиж наадаг тухайгаа учирлаж байна. Үнэхээр ч орц нь түнэр харанхуй, шал, хана нь цуурч, чийг элдэв үнэр үнэртсэн энэ байранд тэтгэврийн хэдэн хөгшид түрээслэгчид л амьдардаг байна.
Боломжтой хүмүүс нь бүгд нүүгээд явчихсан гэнэ. Тус байрны иргэд амьдарч буй нөхцлөө сайжруулахын тулд сүүлийн жилүүдэд ер зүгээр суугаагүй аж. Хотын төвд амьдарч буй давуу талаа үнэлж “Өндөрбуянт” компанитай харилцан тохиролцон хуучин орон сууцныхаа газрыг шинэ байраар солихоор болж СБД-ийн ЗДТГ-ын дарга Б.Мөнхбат, “Өндөрбуянт Холдинг” ХХК-ийн захирал Н.Төмөрхүү, “Эвт-4” СӨХ-ийн гүйцэтгэх захирал Р.Саранчимэг нар гурвалсан гэрээгээ байгуулжээ. “Өндөр буянт” компани Худаг усны-36, Дулааны 18 барилгын газар дээр 20 давхар барилга барихаар болж иргэдтэй гэрээ хийн гарын үсгээр баталгаажуулсан байна.
Ингэхдээ яг хажууд нь баригдаж буй 18 давхар өндөр шинэ байрандаа оршин суугчдыг түр оруулж байгаад Худаг усны-36, Дулааны 17 барилгын газар дээр баригдах шинэ орон сууцыг ашиглалтад оронгуут буцаагаад нүүлгэж тэнд нь байрлуулахаар болсон байна. Оршин суугчид “Өндөр буянт” ХХК-ийн барьсан “UB TOWN”-ны байранд түр амьдрах юм уу эсвэл бүр солих ч боломжтой. Оршин суугчид хажууд нь баригдаж буй шинэ байранд орох хүсэлтэй байгаа бөгөөд өдөр болгон л “Нөгөө байрны асуудал юу болж байна. Бид хэзээ байранд орох бол” хэмээн СӨХ-ийн даргаасаа байнга сурагладаг тухайг ярьж байсан. Ашиглалтад орох гэж буй 17 давхар хоёр барилга удаан хугацааг туулан байж босч байгаа аж. Барилгын ажыг анх солонгос иргэн эхлүүлжээ. Хөрөнгө мөнгө нь долоон давхартаа хүрээд дууссан учраас зогсонги байдалд орж, хэдэн жил болсны эцэст “Өндөр буянт” компани худалдаж авснаар богино хугацаанд баригдлаа хэмээн иргэд ярив.
Тус байрны иргэдийн ярьж буйгаар барилга ашиглалтад орох асуудал хотын дарга Э.Бат-Үүл дээр гацаад байгаа гэнэ. Учир нь Э.Бат-Үүл даргын “Одоохондоо ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны ажил руу барилгын компаниудыг оруулахгүй. Эхлээд газрыг нь хувьчилна. Дараа нь газрын эзэдтэй хэлэлцээр хийдэг зарчим руу оруулна” гэсэн байр суурь тус байрны оршин суугчдыг ийнхүү хүлээлгэхэд хүргэжээ.
Энэ мэтчилэн нийслэлд маань газар хөдлөлтөд нурах аюултай 253 барилга байдгаас Сүхбаатар дүүрэгт 65, Чингэлтэй дүүрэгт 54, Баянгол дүүрэгт 29, Хан-Уул дүүрэгт 61, Сонгинохайрхан 19 барилга, Баянзүрх дүүрэгт 25 барилга байгаад дарга анхаарлаа хандуулахгүй бол болохгүй нь ээ.
Т.Хулан




















































Сэтгэгдэл (4)