
Б.Анхбаяр нь 2010 оны арванхоёрдугаар сарын 5-6-нд шилжих шөнө өөрийн амьдарч байсан Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн нийтийн байрны өрөөнд танхайн сэдэлтээр буюу онцлох шалтаг шалтгаангүйгээр иргэн Н-ийн биед олон тооны шарх сорви үүсгэн онц харгис хэрцгий аргаар санаатай хөнөөсөн, мөн уг гэмт хэргээ нуун далдлах зорилгоор талийгаачийн цогцсыг өрөөний шалан доор газарт булж нуусан гэмт хэргийг үйлджээ.
Харин Г.Нэргүй, Д.Сүх, Б.Ууганбаяр нар нь Б.Анхбаярыг гэмт хэрэгт холбогдолгүй болгох зорилгоор 2012 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогдсон байна.
Уг хэргийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Баянзүрх дүүргийн шүүхээс хянан хэлэлцээд Б.Анхбаярт Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид 20 жил хорих ял, Г.Нэргүй, Д.Сүх, Б.Ууганбаяр нарт тус бүр хоёр жил нэг сар хорих ял оногдуулж, уг ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэж байжээ.
Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдсан учраас Нийслэлийн шүүх өнгөрсөн нэгдүгээр сарын 15-ны өдөр гомдлыг хянан хэлэлцээд Б.Анхбаярын ялыг 12 жил болгон өөрчилж, Г.Нэргүй, Д.Сүх, Б.Ууганбаяр нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээжээ.
Харин Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар Нийслэлийн шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Б.Анхбаярт анхан шатны шүүхээс оноосон 20 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон байна.
Мөн хуралдаанаас өмгөөлөгч Б.Батхуягийг энэ хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлж байхдаа ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлаар Монголын өмгөөлөгчдийн холбоонд хандахаар болжээ.
Б.Чимэг