
Монголын Хүүхдийн Номын Ордны 10 жилийн ой болон дэлхийн яруу найргийн өдөрт зориулан ССАЖЯ, МЗЭ, Хүүхдийн номын ордонтой хамтран Монголын зохиолчдын “Анхны ном” уран бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Зохиолчдын анхны ном зохиолч, уншигч олонд ямар үнэтэй, дурсамжтай, сургамжтайг нээн харуулахад уг үзэсгэлэнгийн зорилго оршиж байна. Уг үзэсгэлэнд Ардын уран зохиолч, Төрийн шагналтнууд, дунд, залуу үеийн уран бүтээлчидийн бүтээл оролцож байна.
Энэ үзэсгэлэнг Монгол улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд үзэсгэлэнд зохиолчдын фото зураг, товч намтар, анхны номын хамт байрлуулсан байна.
Ингэснээр шинэ үеийн монголын уран зохиолын түүх, зохиолчдын анхны номыг хойч үеийн залууст танилцуулахаас гадна мэдээллийн томоохон сан бүрдүүлж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.
Уг үзэсгэлэн эн сарын өнөөдөр "Хүүхдийн номын ордон"-д хүртээл болох юм. Дашрамд сонирхуулахад 1999 онд Франц улсын Парис хотод болсон НҮБ-ын 30 дугаар чуулганаар “Хүн төрөлхтний оюун сэтгэлгээний хүнлэг чанарыг дээшлүүлэхэд утга зохиол, яруу найраг хамгийн хүндтэй үүргийг хүлээж байна” хэмээн тунхаглаад “Дэлхийн Яруу Найргийн Өдөр”- ийг 03-р сарын 21 болгон зарласан юм.
Т.Энхэлээ