Зүүн бүсийн өсвөрийн боксын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-13-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд болно.

Зүүн бүсийн өсвөрийн боксын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-13-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд болно. Энэхүү тэмцээнийг тус аймгийн уугуул, Б.Ганбаатарын нэрэмжит болгон зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүний хувьд 1991 оноос эхлэн боксоор хичээллэсэн, ОУХМ төдийгүй улсын дөрвөн удаагийн аварга, дэлхийн кикбоксын цомын аварга, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай, Монголын боксын спортын түүхийг бичилцсэн тамирчин. Харин энэ удаа тэрбээр өөрийнхөө амжилтыг чамлан, авч чадаагүй медалиудаа нутгийн залуус нь энгэртээ гялалзуулаасай гэсэндээ ийн зүүн бүсийн тэмцээнийг жил бүр зохион байгуулахаар болжээ. Тэмцээн хөдөө орон нутагт орхигдоод байгаа боксын спортыг хөгжүүлэх, зүүн бүсийн хүүхэд, залуусыг дэмжих зорилготой юм. Цаашид уламжлал болгон зохиогдох эл тэмцээнд 1998-2000 оны насны 100 гаруй тамирчин есөн жинд оролцож, авхаалж, самбаагаа сорих аж. Одоогоор тэмцээнд Дорнод, Дорноговь, Төв, Сүхбаатар аймгийн баг тамирчид мэдүүлгээ ирүүлжээ. Сонирхуулахад, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн аварга Э.Бадар-Ууган эл тэмцээнд оролцох юм.
Д.Ундрах /24tsag.mn/