
Энэ удаагийн өдөрлөгт Чехийн арван хотыг төлөөлсөн 20 баг болон Монголоос ирсэн Олон улсын хэмжээний мастер Л.Нарантуяа, Б.Хэрлэн тэргүүтэй "Бодь групп"-ийн эмэгтэй багууд оролцлоо.
"Бодь групп"-ийн багийн бүрэлдэхүүнд Зүүн өмнөд азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт дөрвөн тамирчин ирж оролцсон нь өдөрлөгийн ач холбогдлыг өргөхийн зэрэгцээ Монгол дахь волейболын спортын хөгжлийг сурталчилсан явдал болов.
Волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, шатрын төрлөөр хоёр өдөр өрсөлдсөн тэмцээнд О.Ананд ахлагчтай Прага хотын оюутны "Хийморь" баг тэргүүн байранд шалгарч ЭСЯ-ны нэрэмжит шилжин явах цомын эзнээр шалгарав. Удаах байруудад Роуднице хотын “Жонсон контролс” үйлдвэрийн “MGL”, Ческа Лийпа хотын багууд шалгарлаа.
Тэмцээний төгсгөлд "Бодь групп"-ийн багийн тоглогчид волейболын спортын гайхамшгийг харуулсан үзүүлэх тоглолт хийлээ. Спортын тэмцээнүүд өндөрлөсний дараа өдөрлөгийн бас нэг уламжлалт арга хэмжээ болох үдшийн цэнгүүн зохиогдож, оролцогчид дуу бүжгээр уралдан, нэгэн үдшийг хөгжилтэй өнгөрүүлжээ.