“Арева Монгол” компани мэдээлэл хийлээ

Байгаль орчны иргэний зөвлөлөөс Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үүссэн нөхцөл байдалд ураны хайгуулын "Арева Монгол" компани буруутай хэмээн мэдээлсэнтэй холбогдуулан тус компани өнөөдөр хариу мэдээлэл хийлээ. Тус компани малын гэнэтийн хорогдолд буруугүй гэдгээ онцолж, тэнд ажиллаж байгаа Засгийн газрын ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж байна гэлээ. Мэдээж тус компани зөвхөн хайгуул хийж байгаа, үйлдвэрлэл явуулаагүй, мөн ураны агууламж багатай газарт ажиллаж байгаа тул Ажлын хэсгийн дүгнэлт эерэг гарна гэж найдаж байна гэв. Байгаль орчны иргэний зөвлөлийн мэдээлэл хийхдээ дээрх нутаг дэвсгэрт мал олноор хорогдож байгаа нь "Арева" компанийн үйл ажиллагаатай шууд холбоотой гэсэн бөгөөд нөхцөл байдлыг судалж зохицуулахыг Засгийн газраас шаардсаар байгаа юм. Ойрын өдрүүдэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэнд ажиллах Засгийн газрын Ажлын хэсэг гаргаад байгаа аж. Уг Ажлын хэсэг энэ сарын 10-ны үеэр дүгнэлтээ тодорхой болгож нийтэд мэдээлэх аж.