
Залуучууд бодит амьдрал дээр намчирхах, үзэл бодлоороо хуваагдах, нам дагаж ажил, амьдрал, албан тушаалаа дээшлүүлэх хүсэлтэй байдаг болсон мөн улс төрийн намууд сонгуулийн үеэр залуучуудыг ашиглаж дайчилдаг, хөдөө орон нутагт ч дарга нь намчирхдаг зэрэг сөрөг үр дагаварууд их байгаа. Үүнээс гарах арга замуудыг энэ нээлттэй хэлэлцүүлгээр хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр залуу хуульчид намын хатуу гишүүнчлэлгүй байх нь зүйтэй харин дэмжигч гишүүнчлэл байх хэрэгтэй, мөн төрийн гурван өндөрлөгүүд дэргэдээ залуучуудын асуудал хариуцсан зөвлөхтэй байх, намын харьяаллаар биш, чадвараар нь үнэлж залуучуудыг албан тушаалд томилдог болох зэрэг олон саналуудыг хэлж байлаа. МЗХ-ноос энэхүү нээлттэй хэлэлцүүлэгтэй зэрэгцээд цахим ертөнцөд мөн нийт залуучуудын дунд санал асуулгыг явуулж байгаа юм байна. Энэ хэлэлцүүлгийн дараагаар хуулийн төслийг хаврын чуулганд УИХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ээр дамжуулан өргөн барих юм байна. Дашрамд дурдахад, МЗХ-ноос санаачилан өнгөрсөн оны тавдугаар сард УИХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийг 43 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр албан ёсоор байгуулсан.