Уржигдар зэвсэглэсэн этгээдүүд цагдаагийн алба хаагчийн биед халдаж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан.

Уржигдар зэвсэглэсэн этгээдүүд цагдаагийн алба хаагчийн биед халдаж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Хэргийн газраас зугтсан зэвсэглэсэн гурван этгээдийг одоогоор олоогүй бөгөөд эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа юм. Ховд аймгийн Хорих 457 дугаар ангиас оргоод 14 гаруй хонож байгаа хоёр хоригдлыг энэ хэрэгт холбоотой байж болзошгүй гэж цагдаагийн байгууллагаас сэжиглэж байгаа юм. Одоогоор тус аймагтай хил залгаа Баян-Өлгий, Завхан, Увс аймгуудын цагдаагийн хэлтсийн албан хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллаж, замын цагдаагийн пост бүрт шалгалт хийж байгаа юм байна. Мөн Онцгой байдлын алба хаагчид гэмт этгээдүүдийг эрэн хайх ажиллагаанд оролцож, Булган суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, онц байдал тогтоожээ. Дашрамд дурьдахад энэ сум нь УИХ-ын дарга асан Д. Дэмбэрэлийн төрсөн нутаг аж.
Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөр нь 1990 онд төрсөн, ээж, дүүгийн хамт амьдардаг байсан залуу боловсон хүчин байсан юм. Тэрээр өнгөрсөн сарын 03-нд Ховд аймгийн Булган сумын цагдаагийн хэлтэст томилогдсон бөгөөд дөнгөж сар гаруйхан хугацаанд ажиллаад байсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)