

С.Баярцогт хилийн чанадад хөрөнгө эзэмшихдээ “Legend Plus Capital Ltd” компани байгуулж, компанийхаа нэрээр Швейцарийн банкинд хадгаламж нээлгэсэн гэв. Гадны хэвлэлүүд түүний нууц хадгаламжинд нэг сая ам.доллар байгаа хэмээн мэдээлж байсан ч С.Баярцогт гишүүн
“Швейцарийн банкны дансанд 1.6 мянган евро буюу монгол мөнгөөр 2.9 сая төгрөг л байгаа” гэж хэллээ.
Энэ мөнгийг анх 2008 оны тавдугаар сард найзуудтайгаа хамтран хувьцааны бизнес хийх зорилгоор төвлөрүүлсэн боловч тухайн жил санхүүгийн хямрал гарч энэ бизнесийг орхисон. Гэхдээ дансанд нь гурван сая төгрөг байгаа хэвээрээ” гэлээ.
С.Баярцогтын ярьж буйгаар өөрийнх нь байгуулсан компани оффшор буюу татвар, хяналт, нууцлалын хамгийн таатай, хялбар нөхцөлийг санал болгож байгаа бүсэд байгуулагдан үйл ажиллагаа эрхэлж байгаа компанийг хэлдэг. Тиймээс энэхүү компанийхаа нэрийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй гэсэн тайлбар хийж байна.
Гадны хэвлэлүүдийн бичиж байгаа нэг сая ам.доллар гэдгийг тэрбээр тайлбарлахдаа “Энэ дансанд хамгийн ихдээ нэг сая ам.доллар байсан. Анх найзууд маань нийлж тийм хэмжээний мөнгө төвлөрүүлсэн. Тэр үүднээс нэг сая ам.доллар гэж мэдээлсэн байх. Одоо бол тийм мөнгө байхгүй. Тэгээд ч энэ нь 2008 оны тавдугаар сард болохоор миний Сангийн сайд болохоос өмнө мөн Оюутолгойн хэлэлцээрт орохоос өмнөх үйл явдал. Тэгэхээр энэ хоёртой хардах үндэслэлгүй” гэлээ.
Мөн тэрбээр “Хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ компанийнхаа нэрийг тавиагүй нь миний алдаа боллоо. Гэхдээ би компанийн хадгаламжид байгаа 1.6 мянган еврог хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ нэмж мэдүүлсэн. Ганцхан компанийхаа нэрийг л өгөөгүй тул ёс зүйгүй хэрэг боллоо. Түүнээс биш хилийн чанадад миний нэр дээрх компани байх нь буруу хэрэг биш” гэв.
Түүний хадгаламжийн зарим хэсгийг хэн гэдэг гурван найз нь хамт эзэмшдэг эсэх талаар асуухад УИХ-ын дэд дарга “Гурван найзын маань мөнгө бас хадгаламжид бий. Гэхдээ холбогдох газарт нь тэр хүмүүсийн нэрийг мэдэгдэнэ” гэв.
С.Баярцогт ёс зүйн хувьд ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа мэдэгдээд “Би ёс зүйн хувьд үлгэр дууриалал байх ёстой. Тиймээс хариуцлагаа хүлээх өргөдлөө өгнө. Харин УИХ-ын гишүүний хувьд эсвэл дэд даргын хувьд ямар хариуцлага тооцохыг УИХ шийднэ” гэлээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (98)