ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд уран зураг сонирхогч хүүхэд, багачуудын дунд “Соёлын өв хүүхдийн нүдээр” уран зургийн уралдаан зарлаж байна. Уран зураг сонирхогч хүүхэд багачуудын авъяасыг илрүүлж, манай улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет бус өвүүдийг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх, соёлын боловсрол олгоход тус уралдааны зорилго оршиж байгаа аж. Морин хуур, Монгол ардын уртын дуу, наадам, хөөмий, бүргэдийн баяр буюу шувуучлахуй, ардын бүжиг бие биелгээ, хөгжмийн уламжлалт урлаг, лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил битүү амьсгааг (лимбэчин ) өөрийн бүтээлдээ тусгах юм байна.
Тус уралдаанд 6-10 хүртэлх насны хүүхдүүд хамрагдаж байгаа бөгөөд бүтээлийг ирэх сарын 6-20-ны өдрүүдэд 17 цаг хүртэл ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын байранд хүлээн авах аж.
Шагналын сан :
1-р байр: 300.000 төгрөг(өргөмжлөл, бэлэг дурсгал)
2-р байр: 200.000 төгрөг (өргөмжлөл, бэлэг дурсгал)
3-р байр: 100.000 төгрөг (өргөмжлөл, бэлэг дурсгал)
Тусгай байр 2: 70.000 төгрөг (өргөмжлөл, бэлэг дурсгал)
- Шилдэг зургуудын шалгаруулж ЮНЕСКО- д бүртгэгдсэн соёлын биет бус өвийг сурталчилах ном товхимолд хэвлэн нийтлүүлнэ.
- Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг буцаан олгохгүй
Уралдаанд ирүүлэх материалд тавигдах шалгуур
- “Соёлын өв хүүхдийн нүдээр” сэдвийн хүрээнд зурсан байх
- Гар зураг нь А2, А3 хэмжээний ватум цаасан дээр усан будаг, балын ба тосон харандаагаар зурсан байх
- Уран бүтээлээ заасан хугацаанд ирүүлэх
- Уран зураг нь тухайн оролцогчийн өөрийн өмч байх
- Нэг оролцогчоос нэг л бүтээл хүлээн авна



















































