Хүүхдийн номын ордонд нэрт зохиолч, Үлгэрийн хаан Х.К.Андерсений 208 насны төрсөн өдрийн ойг тэмдэглэж байна. Түүний төрсөн өдрийг тохиолдуулан энэ сарын 2-ны өдрийг дэлхийн олон улс оронд "Хүүхдийн Номын Баяр"-ын өдөр болгон тэмдэглэдэг юм. Түүний үлгэрүүд бий болсон цагаасаа эхлэн дэлхий дахинд түгэхдээ Дани улсын нэрийн хуудас болж чадсан бөгөөд Данийн ард түмэн өнөөг хүртэл “Үлгэрийн хаан”-аараа бахархаж байдаг юм. Түүний “Нугасны муухай дэгдээхэй”, “Чүдэнз худалдагч охин”, “Ямх охин”, “Эрэлхэг тугалган цэрэг”, “Цасан охин” зэрэг шидэт үлгэрүүдийг нь манай хүүхэд багачууд амтархан уншиж байна.Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага “Хүүхдийн Хөгжил Хамгаалал” Хөтөлбөр, Хүүхдийн Номын Ордон, Нийгмийн Түншлэлийн сүлжээ Төрийн Бус Байгууллагатай хамтран 2003 оноос эхлэн жил бүр уламжлал болгон Үлгэрийн хаан Ханс Кристиан Андерсений төрсөн өдрийг тохиолдуулан номын өдрийг ес дэх жилдээ зохион байгуулж байна.
Энэ нь Хүүхэд багачуудыг дэлхийн болон Монголын зохиолчдын бүтээлүүдтэй танилцуулж, тэднийг номтой нөхөрлүүлэн, өв тэгш хүмүүжилтэй болгоход нөлөөлөх зорилготой юм.
Олон улсын хүүхдийн Номын баярын арга хэмжээ жилээс жилд өргөжин тэлж байгаа бөгөөд энэ удаагийн номын баяраар Хүүхдийн Номын Ордны зөөврийн Хүүхэлдэйн театрын нээлт болж А.С.Пушкины “Алтан загас”-ны үлгэр зохиолыг хүүхэд багачууд, хурсан олонд тоглож сонирхууллаа.
Эх сурвалж.MCST.gov.mn



















































