Биржийн туршилтаар ноолуур арилжина
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн
туршилтын арилжаа өнөөдөр 11.40 цагаас 50 дугаар дунд сургуулийн хажууд байрлах
ХАА-н бирж ХК-ийн байранд эхлэх болсон талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас
мэдээллээ. Нээлтэд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, дэд сайд
Б.Цогтгэрэл, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
Ц.Баярмаа болон албаны бусад хүмүүс оролцох юм.
Уг туршилтын арилжаа нь электрон бус танхимын аргаар явагдах бөгөөд эхний
ээлжинд ноолуурын гарц ихтэй гэдгээр нь Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийг
хамрах юм байна. Гуравдугаар сарын 18-нд эхлэх төлөвлөгөөтэй байсан биржийн туршилтын
арилжаа ийнхүү оройтох болсон нь ноолуурын гарц муу байсантай холбоотой хэмээн
тайлбарлаж буй. Тиймээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, ХАА-н биржийн зохицуулах
зөвлөлийн ажлын албаныхан хамтран зүүн гурван аймгаар явж, ноолуурын гарц ямар
байгаатай танилцаад өчигдөр ирсэн бөгөөд ийнхүү арилжааг эхлэх боломжтой гэсэн
дүгнэлтэд хүрсэн байна.
Арилжаа өрнөх үйл явцыг тайлбарлавал, нийслэлд байрлалтай биржийн компанийн
байранд танхимын арилжаагаар 30-аад брокер ажиллах бол хөдөө орон нутгаас
ноолуур нийлүүлэх саналаа ирүүлэх юм. Тодруулбал, гурван аймгийн сум бүрийн Мал
эмнэлэг, үржлийн тасгийн ажилтанд түүхий эд бэлтгэгчид нийлүүлэх ноолуурынхаа
саналыг программд нь шивүүлснээр интернэтээр дамжуулан нийслэлд саналыг авах
байдлаар харилцах ажээ. Харин төлбөр тооцоогоо арилжааны банкаар
дамжуулах юм байна. Ямартай ч танхимын арилжаа ийнхүү эхлээд цаашдаа хэрхэн
боловсруулах туршлагатай болох бөгөөд хөрөнгийн зах зээлд өрнөдөг шиг электрон
арилжааг 2014 оноос эхлүүлэх боломжтой ажээ.