Шинэчлэлийн Засгийн газрын олон шинэ бодлогын нэг нь Налайхын уурхайг хааж бүх амуудыг лацадсан явдал юм. Уг нь энэ амуудад байсхийгээд л хүн дарагдаж аврах багийнхан очиж бөөн зардал чирэгдэл болдог. Бас ард иргэдийн алтан амь тогтмол гэж хэлж болохоор эрсддэг. Энэ байдлыг үндэслэн шинэчлэлийн Засгийн газар Налайхыг хаачихсан. Харин асуудлын бараан биш талыг харахаа шинэчлэлийн Засаг мартчихжээ. Налайхын уурхай хичнээн хүний амьдралыг залгуулдаг, Улаанбаатарын хичнээн айл Налайхын нүүрсийг хэрэглэдэг, энэ уурхайг хаасны дараа Налайх ямар болохыг даан ч нэг авч хэлэлцсэнгүй дээ гэж орон нутгийнхан үглэх болжээ.
Налайхын уурхайг хааснаар иргэдийн амьдрал ямар болсон бэ? Юуны өмнө архичингууд нэмэгджээ. Амьжиргааныхаа эх үүсвэрээс салсан иргэдийн хийдэг ажил архидалт болоод хувирчихаж. Налайхын уурхай дагасан дэлгүүр, цайны газрууд ч үүд хаалгаа барьж. Нүүрс зөөж амь зуудаг олон зуун жолоочид бас ажилгүй болж. Дээр нь налайхаас нийслэл рүү нийлүүлдэг нүүрс байхгүй болсноор өөр нэг аюул нүүрлэжээ. Тэр нь юу вэ гэвэл алдарт утаагүй зуухыг зөвхөн Налайхын нүүрсээр галлах ёстой гэж мэргэжилтнүүд нь зөвлөжээ. Харин одоо гэр хороололд тараасан утаагүй зуухыг зориулалтын нүүрсээр түлээгүйгээс болж дэлбэрэлт гарч эхэлсэн байна.
Эрхэм дарга нар Налайхын нүүрс ашигладаг байсан газруудыг Багануурын уурхайгаас нүүрсээ татахыг зөвлөсөн байдаг. Гэвч Налайхын уурхайн нүүрсээр л халах зориулалттай зуух гэдэг шиг, Налайхын нүүрсээр л халах зориулалттай ДЦС-иудын халах чадвар муудаж иргэдийг хөлдөөх шахжээ.
Энэ мэтээр Засгийн бас нэгэн шийдвэр Налайхчуудыг төдийгүй нийслэлчүүдийг туйлдуулж өвөлжлөө. Налайхын уурхай муу, болохгүй байгаа нь үнэн. Гэхдээ түүнийг дагасан иргэдийнхээ амьдралын асуудлыг орхисноор архичингуудын нэгэн шинэ арми бий болж эхэлжээ.
Б.Билэгт




















































Сэтгэгдэл (3)