Сүүлийн үед гарч буй зам тээврийн осол том оврын автобуснаас үүдэлтэй байгаа. Үүнийг зогсоох арга хэмжээг Замын цагдаагаас удаа дараа авч байгаа ч том оврын автобусны жолоочид асуудал үүсгэсээр байгаа юм. Жишээлбэл өчигдөр 17.00 цагийн орчимд Улаанхуарангийн шар автобусанд явж байлаа. Гэтэл бидний явж байсан автобусны хажуу талаар буюу хоёрдугаар эгнээгээр зэрэгцээд дахин нэг Улаанхуарангийн шар автобус гарч ирэв. Тус автобусны жолооч цонхоороо гараа гаргаж манай автобусны жолоочийн талын толийг хагалж хаалгаруу нь цохиж гарав. Ингэж зодоон эхлэх шалтгаан болов. Миний явж байсан автобусны жолооч ч үсэрч буугаад тэр хоёр зам дээр автобусаа зэрэгцүүлж тавьчихаад учиргүй зодолдож гарав. Автобусанд байсан хүмүүс ч пижигнэлдэн гарч гүйж зодооныг харж зогсов. Ингэж зодолдсныхоо дараа тэд тус тусын машинаа жолоодон уралдах шахам алга болов. Харамсалтай нь энэ үед автобуснаас бууж зодоон сонирхосон бүх хүмүүс хаягдан хоцров. Зам дээр түгжрэл үүсгэж зодолдсон хоёр жолооч уралдах шахам давхиад алга болов.

Автобусандаа сууж чадаагүй хоцорсон хүмүүстэй хамт дараагийн автобусанд суухад мөн л нэг чиглэлд явдаг хоёр жолооч муудалцаж, сууж явсан хүмүүсээ дараагийн автобусанд суухыг кондуктар нь хүсэв. Энэ үед уурлаж бухимдсан хүмүүс их байсан ч нэг автобуснаас нөгөө автобусанд дамжин суух хөгшчүүд хамгийн өрөвдөлтэй харагдав. Зорчиж явсан нэгэн эмээтэй ярилцахад тэрээр "Ер нь байнга л энэ Улаанхуарангийн автобусны жолоочид хоорондоо муудалцах юм. Машиныхаа цонх, шил, толийг хагалах энүүхэнд. Зодолдож дуусаад мах ачсан юм шиг л уралдаж давхина. Хүний амь нас хариуцаж байж ингэж болохгүй биз дээ. Хоорондоо таарахгүй хүмүүсийг нэг чиглэлд явуулахгүй салгах хэрэгтэй шүү дээ. Хөгшин бид нар нэгээс нөгөө автобусруу дамжиж суухад ямар хүндрэлтэй байдаг гэж санана" хэмээн үглэж байлаа. Ёстой л энэ эмээгийн хэлж байгаагаар нийтийн тээврийнхний жолооч нар хэрээс хэтэрч байна. Өмнө нь хурд хэтрүүлээд мал аччихсан юм шиг явж хүмүүсийн ундууцлыг хүргэдэг байсан бол одоо хоорондоо зодолддог болж, Үүгээрээ энгийн иргэд, зорчигдыг хохироож байгаа гэдгээ мэддэгүй л юм байх даа. Ийм байдалтайгаар замын хөдөлгөөнд оролцоод байхаар осол аваар буурахгүй шүү дээ.





24tsag.mn
Сэтгэгдэл (8)