
Иргэн П.Сэрсмаа Үндсэн хуулийн цэцэд хандаж, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Онцгой байдлын ерөнхий газрын даргад хурандаа цол олгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн хэмээн үзэж мэдээлэл ирүүлсэн.
П.Сэрсмаагийн хэлж буйгаар “Шадар сайд Д.Тэрбишдагвын Т.Дуламдоржид цол олгосон нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-д Засгийн газар “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах” гэсэн заалтуудтай нийцэхгүй байна гэж үзжээ.
Уг мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн бөгөөд Монгол Улсын Шадар сайд Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлаар Үндсэн хуулийн цэцийн их суудлын 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хийхээр товлосон байв.
Гэвч хуралдаан болохоос өмнө Шадар сайд Д.Тэрбишдагва тушаал гаргаж, Онцгой байдлын ерөнхий газрын даргад хурандаа цол олгосон өмнөх шийдвэрээ хүчингүй болгосон тухайгаа Үндсэн хуулийн цэцэд мэдэгдсэн байна.
Тиймээс иргэн П.Сэрсмаагийн өргөдлийн шаардлага хангагдсан тул энэ оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хийхээр товлосон Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан цуцлагдсан болохыг Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ.
Энэ мэт Шинэчлэлийн Засгийн газрын гишүүдийн тушаал гаргачихаад хүчингүй болгодог үйлдлийг шүүмжлэх хүмүүс байна
Т.Хулан
Сэтгэгдэл (2)