Өнөөдөр үүрээр Улаан-Үд хотын “Пеликан” хэмээх спорт бааранд үл мэдэгдэх гэмт этгээдүүд гал тавьсны улмаас хоёр хүн амиа алдсан тухай Буриадын хэвлэлүүд мэдээлж байна. Баар руу дамжиж ордог хонгилд эхлээд гал гарахыг өлгүүрийн ажилтан, 39 настай эмэгтэй харж тусламж дуудсан байна. Өлгүүртэй хонгилын цаад үзүүр дэх шатаар уруудаад газарг давхарт нь баар байдаг бөгөөд энэ үед тэнд 15 хүн байжээ. Өлгүүрчинг аврахаар эрэгтэй хүн баарнаас очсон боловч галд хуйхлагдан хоёулаа шатаж, амиа алджээ. Аз болж нөөц хаалгаар доод бааранд байсан хүмүүс гарч амжсан байна. Нас барсан хоёрыг аврах оролдлого хийсэн бас нэг хүн түлэгдэн эмнэлэгт хүргэгджээ. Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар уг байрны хонгилд шатахуун асгаж, хүмүүсийг гарах гарцгүй болгон зориудаар гал тавьсан байж болзошгүй байгаа юм. Энэ галаас ердөө хагас цагийн өмнө буюу өглөөний 4 цаг 20 минутад “Пеликан”-ы холгүйхэн байх бас нэг салбар нь галд өртжээ.
24tsag.mn



















































